ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТЭГШ ОРОЛЦООГ ХАНГАНА
Зах зээлийн өнөө үед төмөр замын салбар өндөр хөгжих боломж нээгдсээр байна. Иймд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2023 оны намрын чуулганаар “Төмөр замын тээврийн тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд энэ хуулийн төсөл 2023 оны хаврын чуулганаар батлагдсан юм.
Манай улсад сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо өссөн. 2010 оны байдлаар суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч 1 байсан бол өдгөө суурь бүтэц эзэмшигч 4, тээвэрлэгч 4, суурь бүтэц барих, угсрах эрх бүхий 253, дагнасан болон салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч 250 орчим болсон юм.
Түүнчлэн төмөр замын тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, суурь бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн тасралтгүй, хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангуулах, үйлдвэрлэл, техникийн үйлчилгээ засварыг өргөжүүлэх зориулалттай тусгай болон хамгаалалтын бүс, зурвас газрыг дур мэдэн, хууль бусаар эзэмших, ашиглах асуудал гарч, аюултай бүсийн асуудлыг бүрэн зохицуулах шаардлага гарч ирсэн. Мөн төмөр замын суурь бүтцийн өмчлөл, эзэмшил, төмөр замын үйлчилгээ, түүнд тавигдах шаардлагыг тодорхойлж, хэрэглэгчдэд найдвартай аюулгүй үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлага үүссэн.
Иймд өмчийн олон хэлбэр бүхий төмөр замын суурь бүтэц эзэмшигчид болон тээвэрлэгчдийн хоорондын харилцааг зохицуулах, тэдгээрийн тээврийн үйл ажиллагаатай холбоотой хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага байх зүй ёсны шаардлагатай болсон учир “Төмөр замын тээврийн тухай” хуулийн төслийг батлаж, хууль эрх зүйн орчныг сайжрууллаа.
Хуулийн төсөлд шинээр болон шинэчлэн оруулсан онцлох зохицуулалтууд дурдвал:
Хуулийн төсөлд тодорхойгүй байсан төмөр замын нийтийн зориулалттай болон тусгай зориулалтын зам, салбар замын өмчлөл, эзэмшлийн асуудлыг зохицуулсан. Төмөр замын зориулалттай газрыг тодорхойлж, төмөр замын аюултай бүс, төмөр замын зурвас газар, хамгаалалтын бүсийн талаарх зохицуулалтыг тодорхой болгосон.
Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ, түүнд тавигдах шаардлага, суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүргийн талаар тусгаж, суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч тэгш эрхийн үндсэн дээр үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчин бүрдлээ.
Энэхүү хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүд төмөр замын салбарыг хөгжүүлэхэд анхаарч ажиллах талаар байр сууриа илэрхийлж байлаа.
Т. Энхтүвшин УИХ-ын гишүүн
“Хуульд төмөр замын дэд бүтцийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хийж болно гэсэн заалт оруулах ёстой. Төр хувийн хэвшлээр төмөр зам барьсан. Түүнчлэн төмөр зам нь ашиглалтад орох хүртэл хувийн хэвшлийн мэдэлд байхаар зохицуулж өгөх хэрэгтэй. Хувийн хэвшлээ дэмжсэн заалт орж байж, ажил урагшаа явна.”
Б.Дэлгэрсайхан УИХ-ын гишүүн
“Өмнөх хуульд нийтийн хэрэглээний зам, дагнасан хэрэглээний зам гэж ялгаатай оруулсан. Үүнийг шинэ хуульд тусгай хэрэглээний зам гэж орж ирж байгаа юм байна. Түншлэлийн гэрээгээр баригдаж байгаа төмөр замын хувьд газар ашиглах гэж орж ирнэ. Энэ хуулийг өнөөдөр баталж болно, гэхдээ 1949 оны хуулиар энэ салбар хөгжихгүй шүү. Тус салбарыг зах зээлийн жамаар нь хөгжүүлэх хэрэгтэй”.
Хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж, ажлын хэсгийн гишүүдээр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Э.Бат-Амгалан, Б.Баттөмөр, Д.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, М.Оюунчимэг, С.Чинзориг нар ажилласан юм.
Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч
“Төмөр замын аж ахуйн нэгжүүдийг суурь бүтэц эзэмшигч, хөдлөх бүрэлдэхүүн буюу тээвэрлэгч гэсэн хоёр байдлаар салгаж хуулийн төсөлд тусгаж өгсөн. Мөн төмөр замтай холбоотой бүхий л үйлчилгээнд хамаарах тарифын зөвлөл байгуулагдахаар хуулийн төсөлд тусгаад байна. Тус зөвлөл зах зээлийн нөхцөл байдлын судалгаа хийж дүгнэлт гаргах үүрэгтэй. Үүнээс гадна төмөр замыг концессоор барих боломжийг уг хуулийн төслөөр нээж өглөө. Хууль батлагдсанаар төмөр замын тээвэрлэлттэй холбоотой харилцаа илүү тодорхой, оновчтой болж, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчдын тэгш оролцоог ханган, хөрөнгө оруулалт, тээвэрлэлтийн үр ашгийг нэмэгдүүлж, энэ салбарт либералчлалыг бий болгосон юм”
Манай улсын хэмжээнд нийт 12291 хөдлөх бүрэлдэхүүн байгаагаас хувийн хэвшилд 5884 вагон, 31 зүтгүүр, Улаанбаатар төмөр замд 3201 вагон, 193 зүтгүүр, Төрийн өмчийн компанид 466 вагон, 29 зүтгүүр, бусад зориулалттай /цистерн, битүү, дозатор, ледник, думпкар, хоппер, тоноглосон/ 2230 вагон бүртгэлтэй. Нийтдээ 11781 вагон, 184 зүтгүүр, 69 төмөр замын машин механизм бүртгэлтэй байна.
2022 онд үндэсний төмөр замын сүлжээний урт 2964 километр болж, 40 гаруй хувиар нэмэгдсэн. Тухайлбал, Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Гашуун сухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 876 километр төмөр замын бүтээн байгуулалтын барилгын ажил дуусаж, төмөр замаар хийх экспортын хоёр болон гуравдагч гарцуудтай болсон. Цаашид ч зүүн болон баруун, босоо тэнхлэгийн төмөр замуудыг барьж төмөр замын сүлжээ өргөжих төлөвтэй байгаа энэ цаг үед дээрх хууль батлагдаж, хууль эрх зүйн орчин сайжирлаа.
Энэхүү хууль батлагдсанаар төмөр замын тээвэрлэлттэй холбоотой харилцаа илүү тодорхой, оновчтой болж, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчдын тэгш оролцоог ханган, хөрөнгө оруулалт, тээвэрлэлтийн үр ашгийг нэмэгдүүлж, энэ салбарт либералчлалыг бий болгох ажээ.