УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын зөвлөлдөх уулзалт боллоо
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын хоёр дахь удаагийн зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр /2023.06.27/ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар зөвлөлдөх уулзалтыг нээж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, өмнөх 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн уулзалтаар Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолыг эрчимжүүлэх, оролцогч талуудын төлөвлөлт, уялдаа холбоог хангах, санхүүжилтийн сахилга батыг сайжруулах талаар нээлттэй санал солилцсоныг тэмдэглээд энэ удаагийн уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолын эхний жилийн хэрэгжилтийн явц байдал, мөн уг тогтоолыг эрчимжүүлэх зорилго бүхий 2023 оны Монгол Улсын Их Хурлын түр хорооны 02 дугаар тогтоол, Засгийн газрын 63 дугаар тогтоолын төлөвлөлт, хэрэгжилтийн явцын талаар хэлэлцэхээр төлөвлөснийг онцолсон.
Мөн эхний асуудлын хүрээнд Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 6.3-т заасан аргачлалыг баримтлан Улсын Их Хурлын 2022 оны "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36 дугаар тогтоолын долоон яам, 14 газарт хамаарах таван чиглэлийн 114 төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийснийг тодотгов. Түүнчлэн хоёр дахь асуудлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийг Засгийн газрын 2023 оны 63 дугаар тогтоолын дагуу Засгийн газраас 13 хувийн хүүгийн дэмжлэгийг хариуцан төлж, банкны эх үүсвэрт тулгуурлан олгохоор шийдвэрлэсэн бөгөөд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, хоршоодод эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлийг 5-6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатайгаар олгоно.