2023.06.22
Б.Жаргалмаа: Мэргэжлийн урлагийн байгууллагуудаа хэрхэн дэмжих вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.22/ нэгдсэн хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжиж байна. "Соёл" гэдэг бол хүн төрөлхтний бүтээсэн эд баялаг, оюун ухааны ололтын цогц юм. Урлаг нь үнэн байдлыг уран сайхны аргаар гаргасан бүтээл юм. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл дээр урлагийн байгууллага, тэдний төлөөлөл болоод бүхий л салбарынхныг дэмжих бодлого бий хэмээн ойлгож байна. Үүн дээр соёлын гэдэг нэр томьёоллоороо орсон учир мэргэжлийн урлагийн байгууллагуудаа хэрхэн яаж дэмжих вэ. Соёлын яам бусад салбарын яамдтай хэрхэн яаж хамтран ажиллаж байна вэ?
Ийн асуусан учир нь, өнөөдрийн Монгол Улсад зөөлөн хүчний бодлого дутагдалтай байна. Дэлхий дахинаа даяаршиж буй энэ цаг хугацаанд Монголоо авч үлдэх хамгийн гол зүйл нь эх хэл, соёл урлаг маань юм шүү дээ. Гэтэл өнөөдөр Монголыг хэрхэн мэдэж байна вэ. “The Hu” хамтлаг гарч ирснээр Монголын рок попын урлаг энэ хэмжээнд ирлээ хэмээн ярьж байсан. Яг энэ мэтээр өөрсдийн уран бүтээлээр дэлхийд танигдаж буй уран бүтээлчдээ дэмжих бодлого ямар хэмжээнд байна вэ?
Бодлогын хэмжээнд уран бүтээлчдээ дэмжих, тэднийг гаднын зах зээлд гаргаж байгаа ажил байна уу. Кино урлагийг дэмжих тухай хууль батлагдсан. Үүгээр Монголын кино урлагийг дэлхийд гаргах тэрхүү боломжийг нээсэн.
Гадаад харилцааны яам дээрх гадаад сурталчилгаа, соёл хариуцсан нь газар нь зөөлөн хүчний бодлогоо хариуцаад явдаг Үүнтэй адил соёл урлаг, Монголоо авч үлдэх тал дээр Соёлын яам ямар ажил хийж байна вэ?
Хөдөө орон нутгаар Соёлын сэргэлтийг зохион байгуулсан. Гэхдээ аймаг орон нутаг, сумын соёлын төвүүдээ дэмжихэд чиглэсэн бодлого ямар хэмжээнд байна. Эдгээр газруудад зөвхөн соёл урлагийн тоглолт үзүүлэх нь чухал биш. Тухайн орон нутгийг иргэдэд Монголынхоо соёл урлагийг таниулах, мэдрүүлэх ажлыг хэрхэн хийж байна вэ?
Улсын статустай Хүүхэд залуучуудыг театр СХД-ийн тавдугаар хороонд байгуулагдаж байгаа. Гишүүн болсноосоо хойш энэ хүсэлтийг удаа дараалан тавьсны дүнд ийн биеллээ олж буй. Олон хүлээлт байна. Театрын зураг төсөл дахин дахин солигдоод байгаа. Энэхүү ажлыг долоодугаар сарын 1-нд амжихгүй юм аа гэхэд ирэх есдүгээр сард хүлээлгэн өгөх ажил ямар шатанд явж байна. Үүн дээр хариулт өгнө үү.
Түүний асуултад, Соёлын сайд Ч.Номин хариуллаа.