Эрт илрүүлэг, үзлэг оношилгооны үр дүнгийн талаар мэдээлэл сонслоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.16/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ дахь цөөнхийн бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан асуусан "Xүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажлын явц, үр дүнгийн талаар" мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг чуулганы хуралдаанд танилцууллаа.
Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах нь хүн амын насжилт, амьдралын чанарыг бууруулж, хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэж болзошгүй халдварт бус өвчнүүдийг эрт үед нь илрүүлэх замаар ирээдүйд учрах өвчний хүндрэл, нас баралт, гэр бүл, цаашлаад улс орны эдийн засаг, санхүүгийн дарамтаас сэргийлэх чухал ач холбогдолтой. Эрт илрүүлэг нь зорилтот насны бүлэгт чиглэсэн, хувь хүний анхдагч болон завсрын эрсдэлт хүчин зүйлсийг үнэлэх, эмнэл зүйн үзлэг, багажийн болон лабораторийн шинжилгээнд үндэслэн дүгнэлт өгөх, зөвлөгөө, мэдээллээр хангах, шаардлагатай тохиолдолд лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгyуллагад оношийг нь тодруулахаар илгээх, хянах цогц үйл ажиллагаа юм.
Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаалаар хүүхдийн эрт илрүүлгийн товлол, давтамжийг 2 насны багцад 6 төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулахаар, насанд хүрэгчдэд 6 насны багцаар эрсдэлийн үнэлгээ, эмнэл зүйн үзлэг, лабораторийн болон багажийн зэрэг 21 төрлийн шинжилгээ, оношилгоонд хамруулахаар тус тус батлан хэрэгжүүлж байгаа юм.
Эрүүл мэндийн сайдын мэдээлэлтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Туваан танилцууллаа.