С.Одонтуяа: Нэг нам дангаар засагласан ч асуудал шийдэгдсэнгүй, авилга, хулгай л нэмэгдлээ
2023.05.22

С.Одонтуяа: Нэг нам дангаар засагласан ч асуудал шийдэгдсэнгүй, авилга, хулгай л нэмэгдлээ

Баянгол дүүргийн Ардчилсан намаас жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг "Нээлттэй микрофон- Нээлттэй өдөрлөг" өчигдөр /2023.05.21/ боллоо.

Энэ үеэр иргэдийн санал бодлыг сонсож, иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүллээ. Өдөрлөгт УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын даргын зөвлөх С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга Н.Болдбаатар, ИТХ-ын АН-ийн бүлгийн төлөөлөгчид болон бусад удирдлагууд оролцсон юм. "Ардчилсан монгол улсын иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Дарангуйллын эсрэг хүчтэй дуугарч, ардчиллаа хамгаалах үүрэгтэй" гэдгийг энэ үеэр онцолж байсан юм.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Нэг нам дангаар засаглах үед хулгай, авлига нэмэгдлээ. Асуудал шийдэгдсэнгүй. Нэг нам давамгай байх нь аюултай юм байна гэж дүгнэхэд хүрч байна. Иймээс сонгуулийн тогтолцоог холимог болгох чухал юм байна гэдгийг иргэд хэлж байна. МАН доторх сөрөг асуудал, зөрчилдөөн иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс бид иргэдтэйгээ ойр хамтарч ажиллах чухал. 2012-2016 онд шат шатандаа олонх байхдаа бид багаараа ажиллаж байсан. Одоо цөөнх байгаа учраас мөрийн хөтөлбөрөө төдийлөн хэрэгжүүлж чадахгүй байна. Түрээсийн орон сууц хөтөлбөрийг бид хэрэгжүүлж байтал МАН энэ барилгыг зогсоосон. 20 дугаар хороонд барилгын карказ нь босчихсон. Гэвч АН-аас эхлүүлсэн ажил гэдгээрээ гацаанд орлоо.

Газрын асуудал үнэхээр хүндэрсэн байна. Иргэд нь мэдээгүй байхад газар олгочхож байна. Энэ асуудлаар маргааш хотын дарга Д.Сумъяабазарт албан шаардлага хүргүүлэхээр боллоо. 2012-2016 онд том жижиг нийлсэн 16 эмнэлэг барьсан байдаг. Гэвч энд тэндгүй замбараагүй барилга бариад байгаа учраас эмнэлэг, сургуулийн хүрэлцээ хангалтгүй болсон байна. Улсын төсвийн орлого 2017 онтой харьцуулахад 3 дахин өссөн байна. 20 их наяд төгрөг давсан байна. Гэвч иргэдийн амьдралд наалдахгүй, хүрэхгүй байна. Юмны үнэ нэмэгдлээ, сангуудын булхай гарч ирж байна. Бид үүнийг хянаж, иргэдээ сонсож, шахаж шаардаж ажиллах болно" гэлээ.

Уулзалтад ирсэн иргэд:

- Бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгааг төр анхаарах

- Цалин тэтгэврийг нэмэгдүүлэх

- Замбараагүй газар олголтыг цэгцлэх асуудлыг нийтлэг байдлаар хөндөж, шийдэж өгөхийг хүсэж байсан юм.