2023.05.18
Б.Энх-Амгалан: Төрөөс гаргаж буй бодлого нийгмийн шатлалдаа зөрөөд байна шүү дээ
УИХ-ын чуулганы /2023.05.18/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025, 2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Гишүүд тойрогтоо ажиллаад ирлээ. Хөдөө орон нутагт ард иргэдийн амжиргаа, амьдралын түвшин маш хүнд байна. Хэд хэдэн зүйл асуусан. Хөдөөгийн сэргэлт, боомтын сэргэлтийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хөдөө ажиллах гэж байгаа ААН-д татварын хөнгөлөлт олгоно, боловсон хүчинд ипотекийн 3% зээл олгоно гээд байдаг. Гэтэл хөдөө ирээд ипотекийн зээл авъя гэхээр чи 6 сар ажилласан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Ингэхээр харилцан уялдаагүй, хэрэгжих боломжгүй болчихоод байна шүү дээ. Дээр, дунд, доороо бодлого чинь зөрөөд байна. Энэ асуудлыг яаж шийдэх юм бэ гэж асуусан.
Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүллээ. Тогтворжсон юм хаана байна вэ? Зах хязгаарт бензин, тосны үнэ Улаанбаатар хотоос 400-700 төгрөгөөр үнэтэй байна шүү дээ. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ, ханш өсөөд талийж байна. Цалин мөнгө, тэтгэвэр тэтгэмж чинь хаанаа ч хүрэхгүй байна. Эм ч авч хүрэхгүй байна гэж, яах вэ гэж хэлсэн. Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан үнэ өсгөөд буй компани, аж ахуйн нэгжид арга хэмжээ авахгүй юм уу гэдэг асуудлыг ярьж байна.
Зах хязгаар нутаг чинь эзгүйрлээ. Энд ирж ажилладаг эмч, багш ч алга. Залуучууд нь төв рүү нүүгээд алга боллоо. Өмнө нь говийн, бүсийн нэмэгдэл гэж өгдөг байсан, одоо байхгүй. Үүнийг цаашдаа яах юм бэ? Ялгавартайгаар тогтоохгүй юм уу. Зах хязгаарт чинь чанартай эмнэлгийн үйлчилгээ, боловсрол авах бололцоо алга байна шүү дээ. Ийм байхад залуучууд нүүхээс өөр аргагүй. Залуу малчдын халаа байхгүй боллоо. Уг бодлогоо төр засаг цааш нь хэрэгжүүлэхгүй юм уу гэж асуусан. Эдгээр асуудал дээр төсвийн хүрээний мэдэгдэл, ямар арга хэмжээ авах гэж байна вэ?
Бид намын мөрийн хөтөлбөр дээрээ сүрхий тунхаглаж нутгийн зам гээд 1,2 хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Бүгд байхгүй болсон. 2024 оноос нутгийн зам хөтөлбөр хөдлөх нь үү?
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.