2023.05.18

УИХ-ын гишүүн Э.Батшугарын санаачлагаар Монгол-Хорватын парламентын бүлэг байгуулагдлаа

УИХ-ын гишүүн Э.Батшугарын санаачлагаар Монгол Улсын Их Хуралд  Монгол-Хорватын парламентын бүлэг байгуулагдаж, түүнийг даргаар нь томиллоо. Харин Хорват улсын парламент дахь Монгол Хорватын бүлгийн даргаар тус улсын парламентын гишүүн Domagot Hajdukovic томилогдсон байна.

Монгол-Хорватын бүлэг байгуулагдсантай холбоотойгоор  УИХ-ын гишүүн Э.Батшугар өнөөдөр Хорват улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Darion Mihelin болон Хорват улсын өргөмжит консул П.Бат-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзаж санал солилцсон юм. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа аж. Элчин сайд Darion Mihelin хоёр улсын хамтын ажиллагааг хууль тогтоох дээд байгууллагын түвшинд авч үзэж, парламентын бүлэг байгуулсанд талархаж байгаагаа уулзалтын эхэнд илэрхийллээ.

Мөн цаашид тус улсад тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын тогтвортой хөгжлийг хангах, мод тарих, ногоон хөгжлийн туршлагаас хуваалцах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Дэлхийн банкны үнэлгээгээр Хорват нь хүний хөгжлийн өндөр индекстэй, эдийн засаг нь аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбараас шууд хамааралтай, мөн 3.9 сая хүн амтай ч жилд 20 сая жуулчин хүлээж авдаг, жуулчдын дунд алдартай 20 улсын нэгээр нэрлэгддэг байна. Монгол-Хорватын парламентын бүлэгт УИХ-ын гишүүн Э.Батшугар, Н.Учрал, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, Б.Саранчимэг, Т.Аубакир, Э.Бат-Амгалан, Ц.Идэрбат нар ажиллана. Хорват улстай гадаад худалдаа, ялангуяа аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Монгол-Хорватын парламентын бүлэг идэвхтэй ажиллана гэж бүлгийн дарга Э.Батшугар онцоллоо.