2023.05.14

З.Төмөртөмөө: Европын өдөрлөгийг ирэх жилээс илүү өргөн хүрээнд олон хоногоор хийхээр санал солилцов

Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг”-ийг зохион байгуулав.

Өдөрлөгт Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз, Монгол Улсын Гадаад харилцааны Дэд сайд Г.Амартүвшин, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө болон гишүүн орнуудын Элчин сайд нар оролцлоо. Тэрбээр Европын өдөрлөгийг ирэх жилээс илүү өргөн хүрээнд олон хоногоор хийхээр санал солилцжээ.

Өдөрлөгийн үеэр Европын Холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцах, үндэсний хоол, амттанаар дайлуулах, хөгжөөнт тоглоом тоглох, урлагийн тоглолт үзэх боломжтой юм. Түүнчлэн Европын холбооны гишүүн улсууд руу аялах боломж, шенгений виз хэрхэн авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл өгөх аж.