УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Зуунмод суманд ажиллаа
2023.05.12

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Зуунмод суманд ажиллаа

Төв аймгийнхаа #Зуунмод суманд ажиллаж Зүүндэлгэр, Нацагдорж, Баруун Зуунмод багийн иргэдэд ҮХНӨ-ийн төслийн талаар танилцуулга хийж, иргэдийн саналыг сонсон, 2022 оны намрын чуулганаар баталсан хууль тогтоомж, 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэж буй хуулиудын талаар мэдээлэл өгч, тайлан уулзалтаа хийлээ.

Зуунмодод 2 дахь өдрөө ажиллах үеэрээ иргэдтэй уулзан Багийн төрийн үйлчилгээний төвүүд, Ирээдүй цэцэрлэгийн хоёр салбарын үйл ажиллагаатай танилцаж, “Туваан сан”-аас зохион байгуулж буй Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх 1 сарын сургалтын сурагчидтай уулзан амжилт хүсч, азай буурлуудынхаа амар мэндийг эрэн золголоо.
Багийн засаг дарга нар тулгамдаж байгаа асуудлуудаа танилцууллаа. Тэд халуун ус, хүүхдийн тоглоомын талбай, зам засвар, ахуйн үйлчилгээний төв, үерийн далангийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар ярьж байв.

Ирээдүй цэцэрлэг нь 3 салбартай. Миний ажилласан 2 салбарт их засвар шаардлагатай ба хүүхдийн хоолны мөнгө хүрэлцээ муутай байгаа талаар хэлж байв.

Зуунмодод ажиллах үеэрээ өндөр настан Л.Чагнаадорж, Я.Батчулуун, Дэнсмаа, Б.Банзрагч, Аюуш гуайнд зочлон амар мэндийг нь эрж, захиас сургаалыг нь сонслоо.

Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр ҮХНӨ асуудлаар иргэд:

  • Гишүүдийн тоог нэмэхийг дэмжихгүй. Хуралдаа суудаггүй хариуцлагагүй хүнийг дахиж сонгомооргүй байна.
  • Сонгуулийн хуулийг сонгууль бүрээр өөрчилж байна. Үүнийг дэмжихгүй, жагсаалтаар гишүүн сонгох нь буруу.
  • Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх шаардлагагүй, гишүүдийн тоог нэмэхийг дэмжихгүй, Төр хэт данхагар байна зэрэг саналыг хэллээ.

Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр Бүрэн сумын уугуул MARS-V төслийн тэргүүн Сүхбаатарын Эрдэнэболд төслийн талаар сонирхолтой танилцуулга хийлээ.

Уулзалтын үеэр Зуунмод сумын иргэд албан хаагчид: Зүүндэлгэр-Зуунмодын хооронд дугуйн зам, явган хүний тусгай зориулалтын зам тавих, Тэтгэвэр тогтоолгож байгаа эмч үйлчлэгч хоёрын тэтгэвэр адилхан байгаад гомдолтой байгаа, Соёл урлагийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс цалин бага байна, Татвар нэмэхгүй гэж сонгогдсон хүмүүс бүх төрлийн татвар нэмчихлээ, Үнэ тогтворжуулах хууль журам хэрэгтэй байна, Боловсролын хуулийг сайжруулах, Ахмад боловсон хүчнийг ажиллуулах, Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, Хүнсний аюулгүй байдалд анхаарах зэрэг тодорхой саналуудыг хэлж байлаа.