УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Баяндэлгэр  сумын иргэддээ тайлан уулзалтаа хийлээ
2023.05.03

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Баяндэлгэр сумын иргэддээ тайлан уулзалтаа хийлээ

Төв аймгийнхаа #Баяндэлгэр сумын иргэдэд 2022 оны намрын чуулганаар баталсан хууль тогтоомж, 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэж буй хуулиудын талаар мэдээлэл өгч, тайлан уулзалтаа хийлээ. Баяндэлгэр суманд ажиллах үеэрээ иргэдтэй уулзан эмнэлэг, сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, азай буурлуудынхаа амар мэндийг эрэн золголоо.

Баяндэлгэр сум нь манай аймгийн ууган сумдын нэг бөгөөд энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Миний бие 100 жилийн ойтой 6 суманд өөрийн адуун сүргээс хурдан удмын адууг бэлэглэж байгаа билээ. Энэ хүрээнд хурдан удмын үрээг Баяндэлгэрийнхэндээ хүргэн ирж хүлээлгэн өглөө.

Сумын сургуулийн цэвэр бохир усны асуудлыг Эрдэнэт үйлдвэрийн санхүүжилтээр шийдвэрлэсэн ч одоогийн байдлаар эвдэрч ашиглах боломжгүй байгаа юм байна. Харин сурагчдын эцэг эх Эколос төхөөрөмж хийхэд 1 сая төгрөг хандивласан бөгөөд одоо 2 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа аж.

Сумын эмнэлгийн цэвэр бохир шийдэгдээгүй гадаа жорлонтой байна. Мөн нэн шаардлагатай эм даатгалаас хасагдсан, боловсон хүчний хомсдол үүссэн, гүйцэтгэлийн санхүүжилт очихгүй, автомашин дутагдалтай хүндхэн нөхцөлд ажиллаж байна.

Суманд ажиллах үеэрээ өндөр настан Н.Баяраа, С.Балжин, Бямбасүрэн гуайнд зочлон амар мэндийг нь эрж, захиас сургаалыг нь сонслоо.

Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр намрын чуулганаар батлагдсан зарим хуулийн талаар танилцуулга хийж, хаврын чуулганаар хэлэлцэх Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын багц хууль зэрэг зарим хуулийн төслийг танилцуулж иргэдийн санаа бодлыг нь сонслоо. Мөн ҮХНӨ-ийн зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжийг танилцууллаа.

Уулзалтын үеэр Бүрэн сумын уугуул MARS-V төслийн тэргүүн Сүхбаатарын Эрдэнэболд иргэдэд төслийн талаар сонирхолтой танилцуулга хийлээ.

Уулзалтын үеэр иргэд: Эрүүл мэндийн даатгалд харьцангуй шударга бус шийдвэрүүд байгааг, тухайлбал ЭМДС-аас хөхний, элэгний хавдраас бусад хавдартай хүн эмийн хөнгөлөлт эдлэхгүй байна, Боловсролын хуулийг эргэж харах багшийн сургуулийн босго оноог нэмэгдүүлэх, Төрийн албан хаагч дутагдалтай байна, Боловсон хүчний дутагдлаас болоод тэтгэвэрт гарсан багш нар ажиллаж байна, ажиллаж байгаа хэрнээ бүх урамшууллаас хоцорч байна, Сумын эмнэлэг гадаа жорлонтой хүндхэн нөхцөлд иргэдэд үйлчилж байгааг сумын удирдлагууд анхаарч үзэхгүй байна зэрэг тодорхой санал сэтгэгдлүүдийг хэлж байлаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn