2023.04.26
МҮЭ-ийн холбооны удирдлагууд ХНХ-ын сайд Х.Булгантуяатай уулзлаа
МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ЕНБД Х.Буянжаргал, Хөдөлмөр нийгмийн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Нямдаваа, МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл, Нэгдмэл ҮЭ-ийн холбооны дарга Я.Алтантуяа нар өчигдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяатай уулзаж, иргэдийн цалин хөлс, тэтгэмж, орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөр нийгмийн зарим тулгамдсан асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороог яаралтай хуралдуулах, Хөдөлмөр нийгмийн нийгмийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээрийг шинэ шатанд гаргаж Нийгмийн шинэ гэрээ хэлэлцээг байгуулах, салбарын хэлэлцээрүүдийн чадавхи, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллах, төрийн албан хаагчдын цалин хөлсний сүлжлийг энэ оны таван сард багтаан сууриар нь шинэчилж нэмэгдүүлэх мөн ирэх жил төрийн албан хаагчдын цалинг улсын төсөвт нэмэгдүүлж тусгах, ХХДХ-г нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүү, Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгад хүргүүлсэн МҮЭ-ийн холбооны саналыг тусгах зэрэг асуудлыг уламжилж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг сууриар нь эргэн харж нэмэгдүүлэхгүй бол бүх салбар боловсон хүчний дутагдалд ороод буй"-г онцлов.
Хариуд нь ХНХ-ын сайд Х.Булгантуяа “Та бүхний тавьж байгаа асуудлыг дэмжиж байна. Цалин дээр эхний ээлжид зөвшилцөлд хүрч шийднэ. Цалин хөлс нэмэгдүүлсэнтэй холбоотой бага хувиар нэмсэн огт нэмээгүй байгаа асуудлыг эхний ээлжид зөвшилцөлд хүрч шийдвэрлэнэ. Нийгмийн гэрээ хэлэлцээрийг шинэ шатанд гаргаж, хөдөлмөр эрхлэлт, ХАБЭА, цалин хөлс, тэтгэмж зэрэг сууриар нь шат дараатай шийдэх асуудлууд байна. Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэхэд салбарын сайдын зүгээс анхаарч ажиллах болно. ХНХЯ, МҮЭ-ийн холбоо хамтран салбар бүрийн цалин хөлсний асуудлын тооцооллыг хийж Засгийн газарт байгуулагдсан ажлын хэсэг болон УИХ, Засгийн газарт хүргүүлж хамтран ажиллах, салбарын хэлэлцээрүүдийн чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд тал талаасаа шахаж ажиллах шаарлагатай байна” хэмээн хэллээ.