Н.Учрал: Ашигт малтмалын лиценз эзэмшигчид, ТУЗ-ийн гишүүдийн цалинг ил болголоо
Засгийн газраас дэвшүүлсэн Авлигатай тэмцэх жилийн хүрээнд хэрэгжиж буй “Шил” ажиллагааны өнөөгийн явцын талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэхүү мэдээлэлдээ, "Өнөөдрийн байдлаар, ашигт малтмалын ордтой холбоотой тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийг гадаад дотоодын хөрөнгө оруулагч гэдгээс үл хамааран shilen.gov.mn сайтад 100 хувь нээлттэй байдлаар байршууллаа. Нийт 6.1 сая га газарт хайгуулын болон ашиглалтын зөвшөөрлийг олгосон байна. Одоогийн байдлаар, 2598 лицензээс 41 нь идэвхгүй байгаа юм.
Уул уурхайн салбарын үйл ажиллагаа нээлттэй, ил тод явагдаж байвал улс орны эдийн засаг эрүүл байна гэсэн үг. Учир нь манай орны экспортын орлогын 93 хувь нь уул уурхайгаас бүрддэг. Лиценз эзэмшинэ гэдэг хууль бус үйл ажиллагаа биш юм. Гол нь газрын хэвлий дэх баялгийг хэн эзэмшиж байгааг иргэд үнэн зөвөөр нь мэдэх эрхийг үүгээр олгож байна. Уг сайтад нэвтэрч аймаг тус бүрийн нэр дээр дарж үзвэл, лицензийн тоо, газрын нэршил болон хэмжээ, ашигт малтмалын төрөл, эцсийн өмчлөгч, олгосон болон дуусах огноо зэрэг мэдээллийг харах боломжтой.
Мөн төрийн өмчит 58 компанийн ТУЗ-д харьяалагдах 504 гишүүний цалингийн мэдээллийг ил болголоо. Нийгэмд өнөөдөр ТУЗ-ийн гишүүд өндөр дүнгээр цалинждаг, олон ТУЗ-д харьяалагддаг гэсэн шүүмж явдаг. Иймд иргэд дээрх мэдээллүүдэдтэй танилцаж, өөрсдөө дүн шинжилгээ хийх бололцоотой болж байна" гэлээ.