С.Одонтуяа: Гишүүдийн тоог нэмэх нь Үндсэн хуулийн өөрчлөлт рүү орох учраас дэмжихгүй
УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулж дуусаад УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Энхболд ахлан ажиллаж байгаа бөгөөд парламентад суудалтай намуудын төлөөлөл багтсан. Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн С.Одонтуяатай Сонгуулийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.
-Сонгуулийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулаад дууссан байна. Энэ удаагийн сонгуулийн хуульд оруулсан гол өөрчлөлт нь юу байна вэ?
-Энэ удаагийн Сонгуулийн хуулийн гол өөрчлөлт, амин сүнс нь холимог тогтолцоо. Хэрвээ гишүүд холимог тогтолцоог дэмжихгүй, дахиад мажоритар тогтолцоогоор явна гэвэл энэ хуулийг батлуулаад ч хэрэггүй. Заавал Үндсэн хууль өөрчлөхгүйгээр холимог системийг хийж болно гэсэн Цэцийн дүгнэлт гарсан учраас манай ажлын хэсэг ажиллаж байна. Бидэнд цаг маш бага байна. Зургадугаар сарын 31-ээс өмнө энэ хуулийг батлах байх ёстой. Тэгэхээр одоо хоёр, гурван сарын л хугацаа байна гэсэн үг.
Холимог тогтолцооны хамгийн гол ач холбогдол бол тулга тойрсон төсөв, тулга тойрсон хөгжил ярихаас зайлс хийж байгаа хэлбэр. Нэг ёсондоо бидэнд 76 жижиг тойргийн хөгжил гэхээсээ илүү Монгол Улсын нэгдсэн хөгжил, нэгдсэн төсөв, ирээдүйд хэрхэн хөгжих юм бэ гэдэг асуудал чухал байна.
-Гишүүдийн тоог нэмнэ гэдэг асуудлыг яриад удаж байна. Энэ асуудал дээр ажлын хэсгийн гишүүд ямар байр суурьтай байгаа вэ?
-Гишүүдийн тоо энэ хуулиар огт хөндөгдөхгүй. Хоёр дахь чухал асуудал Улс төрийн намын тухай хууль байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуулийн төслийг өргөн барих гэж байгаа. Үүнээс өмнө намуудыг саналуудаа ирүүлэхийг хүссэн. Тиймээс ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Одоо улс төрийн нам XIХ, XX зууны улс төрийн намаас тэс өөр болчихсон. Хүмүүс улс төрийг төдийлөн сонирхохоо больсон. Зөвхөн сонгуулиар энэ улс төрийн нам ямар үзэл баримтлалтай юм, энэ нам гараад юу хийх вэ гэдэг нь хүмүүст сонин байгаа. Манай намын бүлэг гишүүдийн тоог нэмэх асуудал дээр таатай хандахгүй байгаа. Энэ нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийхэд хүргэнэ. Бүлгийн гишүүдийн олонх нь одоо байгаа 76 нь сайн ажиллавал болно, гишүүдийн тоог нэмэх шаардлагагүй гэдэг байр суурьтай байгаа.
Монгол Улс авлигын индексээр нэлээд ухарсан. Үүний гол шалтгаан нь улс төрийн нам өөрөө авлига авдаг, далд санхүүжилт авдаг, шилэн биш байгаа нь авлигыг бий болгож байна гэсэн олон судалгааны дүн бий. Тиймээс улс төрийн намын санхүүжилтээс эхлээд бүх зүйл шилэн байх ёстой. Улс төрийн намууд төлөвшихгүйгээр улс орныг удирдана гэж байдаггүй юм байна. Засгийн эрхийг хувь хүн ч юм уу, ТББ барьдаггүй. Хүссэн, хүсээгүй улс төрийн нам л барьдаг. Иргэдийн улстөрийн намын үйл ажиллагааг дэмжихгүй гэсэн хандлага жил ирэх тусам нэмэгдэж байна. Гэхдээ хүссэн, хүсээгүй улстөрийн нам л засгийн эрхийг барьж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж ажилладаг.
-Манайх 2012 оны Их хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж байсан. Гэхдээ харьцаа нь бага байсан учраас холимог тогтолцоо бүрэн утгаараа бууж чадаагүй гэдгийг судлаачид хэлдэг. Тэгвэл энэ удаа хэдэн хувийн харьцаатай байхаар хуулийн төсөлд тусгасан бэ?
-Санал нийлж байна. Бид өндөр хөгжилтэй, ялангуяа Европын олон орны туршлага судлахад голдуу 100 хувь пропорциональ байна. Өөрөөр хэлбэл, тэнд нэг улстөрчдийн тоглолт гэхээс илүү тухайн нам улс орныг хэрхэн хөгжүүлэх, яаж өөд нь татах вэ гэдэг өөрөө чухал юм билээ. Манайд бол 100 хувь пропорциональ арай тохиромжгүй гэж үзээд 50:50 харьцаатай оруулъя гэсэн байдлаар ярилцаж байгаа. Манай улс уудам, том газар нутагтай учраас мажоритар тогтолцоо тодорхой хэмжээнд байлгая гэж байгаа.
-Өмнөх сонгуулиудаар СЕХ сонгуулийн зардлын дээд хэмжээг баталдаг байсан. Энэ удаад батлах уу. Хэрвээ батлах бол дээд хэмжээг хэд гэж заах вэ?
-Энэ хуулиар сонгуулийн нарийвчилсан тойрог, төсвийг батлахгүй. Харин сонгуулийн төсөв, зардлыг аль болох бууруулах заалтуудыг оруулахыг хичээж байна. Тухайлбал, хуучин хуулинд зардал нэмдэг зохицуулалтууд гэвэл 200 сонгогч тутамд нэг ухуулагч байна гэдэг заалт орсон нь зардлыг нэмэгдүүлж байна. Энэ нь эргээд маш олон ухуулагчдыг бий болгочихдог.
Мөн гудамжаар дүүрэм самбар байдаг. Тэр самбарыг хийхэд маш их мөнгө орж байгаа. Тиймээс Япон, Солонгос гээд бусад оронд байдаг шиг нэгдсэн том самбарыг тавья гэсэн саналуудыг ярьж байна. Мөн нэгдсэн материал хэвлээд хэсгийн ахлагч, төрийн байгууллагуудаар тараалгая гэсэн саналуудыг ч ярьж байна. Одоогоор яг эцэслэгдээгүй, жаахан маргаантай асуудлууд байна.
-Тэгвэл саналаа хэрхэн тоолох вэ. Хар машиныг хэрэглэх үү. Мөн санал өгсөн иргэдэд бэхэн тэмдэглэгээ тавих уу?
-Бэхэн тэмдэглэгээ заавал байх ёстой. Намууд, нэр дэвшигчид хэчнээн их ажиллаад баахан царцаа явсан гэдэг гомдол их гардаг. Сонгууль шударга бус л байвал сонгууль хийсний хэрэг гарахгүй. Тэгэхээр бэхэн тэмдэглэгээ байх ёстой гэж үзэж байгаа. Мөн саналын хуудсыг машинаар тоолж болно. Гэхдээ тэр машин нь албан ёсны гэрээтэй, лицензтэй байх хэрэгтэй. Хэсгийн хороо бүр дээр тусдаа нэрсийн жагсаалт байдаг. Энэ нь нэг хүн хоёр удаа санал өгөх боломжийг бий болгосоор байдаг. Нэг хүн хоёр удаа санал өгвөл төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн гэж эрүүгийн хуулиар шийтгэдэг болгох нь царцааг зогсооно.
-Саналын хуудсан дээр намуудыг Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар жагсаадаг. Энэ нь ганц, хоёр намд давуу байдал бий болгож байна гэдэг асуудлыг ярьдаг. Энэ асуудлыг өөрчлөх үү?
-Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар жагсаана гэхээр яах аргагүй МАН-аас эхлээд жагсаадаг. Энийг яах вэ ярьж байгаа. Хамгийн гол асуудал бол намын жагсаалтаар орж байгаа хэсгээ хэрхэн эрэмбэлэх вэ гэдэг асуудал хамгийн маргаантай байна. 2012 оных бол холимог бус параллель систем байсан. Өөрөөр хэлбэл, нэг талд нь мажоритар, нөгөө талд нь жагсаалт. Жагсаалт нь харанхуй, хэн байгаа нь мэдэгдэхгүй байсан.
Тиймээс намын жагсаалтыг нээлттэй байлга гэдэг шаардлагыг намын гишүүд хэлдэг. Бид олон орны туршлагыг судаллаа. Зарим оронд хүмүүсийнх нь нэр байж байдаг, түүнийг хараад намаа дугуйлдаг хэлбэр байгаа бол заримд нь нэрийг нь дугуйлахад санал нь нам дээр тоологддог. Зарим улс бүсчилдэг юм байна. Яагаад гэхээр жагсаалтад 30,40 хүний нэр байхаар иргэдэд төвөгтэй байдаг. Тиймээс бүсчилдэг юм байна. Тухайлбал, баруун таван аймаг ч гэдэг юм уу 8-6 хүнээ бичдэг. Бүр болохгүй бол нийслэл, орон нутгаар нь ялгачихад иргэдэд илүү хялбар болно. Одоогоор эцэслээгүй байна.
-Жагсаалтын тодорхой хувь нь нийгмийн аль нэг төлөөлөл байна гэдгийг тодорхой зааж өгөх үү? -Холимог системийн гол ач холбогдол нь энэ юм. Аль нэг хүйс 30 хувь байна гэдэг ч юм уу. Бусад орны жагсаалтыг харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмч, багш, малчид, инженерүүдийн төлөөлөл ордог юм байна. Энэ хүмүүс салбарынхаа төлөөллийг хангаад ажиллаад байдаг. Тэгэхээр энэ төлөөллийг Сонгуулийн хуульдаа оруулж өгөхийг хичээж байна.
-Ярилцсанд баярлалаа.