2023.03.23
Д.Өнөрболор: Албан тушаалтын ёс зүй, сахилгын асуудлыг ил тод нээлттэй мэдээлдэг байх хэрэгтэй
УИХ-ын ээлжит /2023,03,23/-ны өдрийн чуулганаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг сонслоо.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:
2022 оны төлөвлөгөөний хэрэгжилт 60.1 хувьтай, Засгийн газрын үйл ажиллагааны биелэлт 369 хувьтай явж байгаа аж. Аудитаас үр дүнд хүрээгүй гэсэн дүгнэлт өгсөн байна. 2022 онд 11.7 их наяд төгрөгөөр 300 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс үр дүнгүй 59 арга хэмжээнд 510 тэрбум төгрөг, эрчимжүүлэх шаардлагатай 88 арга хэмжээнд 1.3 их наяд төгрөг зарцуулжээ. Үр дүнгүй арга хэмжээнд зарцуулсан мөнгөн дүн ойлгомжгүй асуудал байна. Үүнд тайлбар өгнө үү.
Үр дүнгүй, эрчимжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг задлаад харвал хүний хөгжил, эдийн засаг, засаглалын бодлогын хэрэгжилтийг хангалтгүй гэж үзсэн байна. цар тахал болон дайн бүхий нөхцөл байдлаас бусдаар ямар шалтгаан хангалтгүй байхад нөлөөлсөн бэ? Хөгжлийн төлөвлөлтийг оновчтой хийж чадаж байна уу. Тайлангаас харахад 20 орчим хувь нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдаа муу нь харагдаж байгаа юм.
Төлөвлөлт дээр салбарын яамдууд нэгдсэн төлөвлөгөө хийхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Зах зээлийн эдийн засагт шилжсэн гэж байгаа боловч хуулийн хугацаанд тооны хойноос хөөцөлдсөн, үнэлгээгээ гайгүй авахын тулд тайлан тайлагнадаг байж болохгүй. Үр дүнд чиглэсэн алдаа, оноогоо бодитоор харахад Засгийн газар анхаарах ёстой.
Ялангуяа эдийн засгийн бодлогын хэрэгжилтэд “Худалдааны хууль” маш чухал. Миний бие УИХ-ын даргын захирамжаар худалдааг дэмжих тухай хуулийг ахлаад ажиллаж буй. Манай ажлын хэсэг нэлээдгүй хугацаанд олон улсын судалгаан дээр ажилласан. Монгол улсад анх удаа худалдааг дэмжих хуулийг боловсруулж байгаатай холбогдуулан валютын урсгал, экспортын зах зээлийг нэмэгдүүлэх, иргэн ААН-үүдэд боломж бий болгох талаас ч авч үзсэн. Мөн эдийн засгийн эрх зүйн шинэтгэл талаас харахад маш ач холбогдолтой, эерэг хууль болно. Энэ талаар Ч.Хүрэлбаатар сайдтай санал солилцож буй. Онцгойлон анхаарлаа хандуулна эж найдаж байна.
Засаглалын бодлого дотроос ёс зүй, сахилгын зөрчлийн талаар нэгдсэн бүртгэлийн систем бий болгох ажил хэрэгжээгүй байна. энэ бол маш чухал ажил. Гишүүний хувиар тойрогтоо ажиллаж, иргэдтэйгээ уулзах үеэр тэдний зүгээс хоол хүнсээр өлсөөгүй. Харин ёс зүй, хариуцлага, шударга ёсоор дэндүү өлсөж байна гэж хатуу шүүмжилж ярьсан. Тиймээс албан тушаалтны ёс зүй, сахилга батын асуудлыг ил тод, нээлттэй мэдээлдэг баймаар байна. Дүн шинжилгээ хийж, тодорхой арга хэмжээ авдаг байх ёстой.
Түүний асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.