2023.03.23

Д.Сарангэрэл: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг хэрхэн шийдэх вэ

УИХ-ын ээлжит /2023,03,23/-ны өдрийн чуулганаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг сонслоо.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

Монгол улсаа аль чиглэлээр хэрхэн яаж хөгжүүлсэн гэдэг тайлангаа бид сонсож байна. Үүнд 23 зорилт 6 бүлэг 300 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм билээ. 6 бүлгийн 3 дахь бүлэг нь хүн амын амжиргааны түвшин, ахуй амьдрал, аж байдалтай холбоотой асуудал багтсан. Дэвшлүүд байгаа. Эдийн засгийн өсөлт гарч байна. Ялангуяа Засгийн газраас хүүхэд бүрийг цэцэрлэгт бүрэн хамруулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Иргэдтэйгээ уулзахад  сэтгэл хангалуун байна лээ.

Гэхдээ сэтгэл хангалуун бус асуудлууд их байна. Ядуурал 27.5, ажилгүйдлийн түвшин 7%-тай. Хүн амын орлого буурсан. Үнийн өсөлт гээд олон асуудлыг хэлж болно. Өнгөрсөн хугацаанд хэчнээн ажлын байр бий болгосон бэ. Хэдэн хүнийг мэргэжлийн чиг баримжаатай болгох сургалтад хамруулаад хэдэн хүнийг ажлын байраар хангасан бэ. Энэ маш чухал. Хэдэн хүнийг ядуурлаас гаргаж, ямар үйл ажиллагаа явуулсан бэ. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэлээн хэдэн төсөл хэрэгжсэн. Төслийн үр дүнг тодруулна уу

Гэр хороолллын дахин төлөвлөлт 2012 оноос эхэлсэн. Тухайлбал Яармагт 268 га газрыг чөлөөлүүлээд дэд бүтцийг төр хийгээд өгнө гээд өнөөдөр барилгажилтын ажил явахгүй, хангалтгүй байгаа. Газраа чөлөөлсөн айлууд хажуу өрөө түрээслэх зэргээр цагаан сараар золголтоо хийж чадаагүй гэсэн асуудлыг уламжилсан. Энэ асуудлыг яах юм бэ? Өөрийн ганц хөрөнгө газраа чөлөөлөөд өгсөн иргэдийн итгэл алдарч хүнд нөхцөлд байна.

Ашиглалтын шаардлага хангахгүй буй орон сууцнуудыг дахин төлөвлөх, барилгажуулах ажил явж байгаа. Зарим газруудад сонгон шалгаруулалт явагдаад ажил нь эхлэхгүй байгаа асуудал мөн байна. Үүнд хариулт өгнө үү

Улаанбаатар хотод өнөөдөр 17 хотхон, хорооллын 25000 иргэн хоёр жилийн хугацаанд зэвтэй ус ууж байна. Бидний энэ үйл ажиллагааны төлөвлөгөөнд ахуйн хэрэглээний усны чанарт хяналт тавих, сайжруулах заалт орсон байгаа. Ус суваг ашиглалтын газрын лабораторт судалгаа, шинжилгээ хийхэд эдгээр 25000 хүн цайр, төмрийн агууламж байх ёстой хувиасаа өндөр ус хэрэглэж байгаа нь гарсан. Иргэдтэй уулзахад тээврээр усаа зөөж хэрэглэдэг юм бил үү гэсэн түвшинд хүрсэн байгааг хэлсэн.

Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байдаг. Ихэнх барилгууд 1958, 1963, 1967 онд баригдсан. Эдгээр барилгууд хүйтэн. Иргэд нь өвөл даардаг. Зун нь борооны дусал орж ирдэг. Ийм байхад иргэн хүн яаж тайван байх вэ. Дээвэр фасадны ажлыг төрийн хэмнэлтийн тухай хуультай холбоотойгоор хийхээ больсон. СӨХ хийж чадахгүй. Эл асуудлыг яаж шийдэх вэ

Түүний асуултад БХБ-ийн сайд Ц.Даваасүрэн хариуллаа.