Улсын Их Хурлын хаврын чуулганы өнөөдрийн /2023.03.17/ хуралдаан эхэллээ. Чуулганы эхэнд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Эл асуудалтай холбогдуулан гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Энэ хуульд нийгмийн зүгээс тодорхой шаардлага бий. Нэгнийгээ адилхан харлуулах гүтгэлэг нийгмийн сүлжээгээр дамжаад явдаг. Үүнээс харвал нийгмийн байдлыг тогтворгүй байдалд оруулах хор уршигтай. Лавшруулж хэлвэл улс орны эв нэгдэл, тогтвортой байдлыг сулруулах алхам ч хийж болохоор үйлдлүүд нийгмийн сүлжээгээр явж буйг анхаарах хэрэгтэй. Нийгмийн сүлжээгээр Арабын хувьсгалууд явсан. Бусад орны хувьсгалууд явах зохион байгуулалтын арга хэрэгсэл болсон. Энэ талаас анхаарах зүйл бий.
Гэхдээ ийм байлаа гээд нийтийн мэдээлэл хүртэх эрхийг хязгаарлаж болохгүй. Өнөөдөр нийгмийн сүлжээ байгаад эрх мэдэлтнүүдийн хулгай, дээрэм, луйврууд дураараа дургих үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр хязгаарлагдаж буй. Үүнээс харвал нийгмийн сүлжээ үүргээ гүйцэтгэж байгаа юм. Үүнийг хуулиар зохицуулах байсан уу гэдэгт эргэлзээтэй. Хэрвээ бий бол дээр дурдсан зүйл дээр анхаарахыг харах ёстой байсан. Гүтгэх доромжлохыг зогсоох хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийнхэн хэлдэг. Гүтгэвэл шоронд орох заалт байгаа гэдгийг. Гүтгэхгүй л байвал ийм нөхцөл үүсэхгүй шүү дээ. Гүтгэх сонирхол байгаад би гайхаж байна. Энийг л таслан зогсоох ёстой. Үгүй бол бүгдээрээ адилхан хар байх болно. Нэгнийгээ гүтгэж алсаар 30 жил явж ирсэн. Би гүтгэлгийн заалтыг хатуу ялтай болгох гээд чадаагүй. Харин 1990-ээд оны дунд үед нэг эмэгтэй алтан аминаасаа золиослож байж гүтгэлгийг 111-ээр барьж хорьдог болгосон. Гэхдээ хожим мартаад ирэхийнхээ цагт мөнгөн торгууль болгоод хувиргачихсан.
Хэнийг ч гүтгэж болдог систем Монголд үйлчилдэг. Үүнийг зогсоох ёстой. Харин иргэдийн мэдээлэлд хүртэх эрх ашиг руу халдаж болохгүй байсан. Тодорхой цензурыг тавиад иргэдийн хоорондоо мэдээлэл солилцох, авах мөн хэвлэлийн улс төрийн хүрээнд тавьж буй цензурыг хязгаарлах шаардлагагүй байсан.