2023.03.16

Суманд шүдний эмч, шүдний кабинеттай, уламжлалтын эмчийн хэрэгцээ их байна

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Заамар сумын иргэдэд 2022 оны намрын чуулганаар баталсан хууль тогтоомж, 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар мэдээлэл өгч, тайлан уулзалтаа хийлээ. Заамар суманд ажиллах үеэрээ иргэдтэй уулзан, эмнэлэг, цэцэрлэг, сургууль, сургуулийн дотуур байр, МСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, азай буурлуудынхаа амар мэндийг эрэн золголоо.

Сумын сургуульд 760 гаруй сурагч суралцдаг байна. Миний бие санаачлан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй сурагчийн стандарт ширээ сандал, сургалтын компьютер, проекторыг уулзалтын үеэрээ сургуульд хүлээлгэн өгч, сургуулийн удирдлага, багш ажилчдын санал сэтгэгдлийг сонслоо.

Сумын цэцэрлэг 203 хүүхэд, 24 багш ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ сургалтад хэрэглэх компьютерыг хүлээлгэн өгч, санал солилцлоо.Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж тоног төхөөрөмж, зөөврийн компьютерийг хүлээлгэн өгч, эмч ажиллагсдын саналыг сонссон юм.

Өндөр настан Дамжав, Өлзийбаяр, Оюунчимэг, Баасан, Содов гуайнд зочлон амар мэндийг нь эрж захиас сургаалыг нь сонслоо. Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр намрын чуулганаар батлагдсан зарим хуулийн талаар танилцуулга хийж, хаврын чуулганаар хэлэлцэх Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын багц хууль зэрэг зарим хуулийн төслийг танилцуулж иргэдийн санаа бодлыг нь сонслоо. Мөн ҮХНӨ-ийн зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжийг танилцууллаа.

Уулзалтын үеэр Бүрэн сумын уугуул MARS-V төслийн тэргүүн Сүхбаатарын Эрдэнэболд иргэдэд төслийн талаарх сонирхолтой танилцуулга хийлээ.

Уулзалтын үеэр иргэд: Заамар сумын газар доорх бүх баялагийг ухаад дууслаа, одоо малын бэлчээрийн газаргүй боллоо. ТҮ-ний ажилчдын цалинг дахин анхаарахгүй бол сумын байгууллагуудад ажиллах хүнгүй боллоо. Булган аймагтай газрын маргаантай байгааг анхаарч өгнө үү. Орон нутагт ялангуяа суманд гэрээсээ хол 6 настай хүүхдийг сургахад бие даах чадвар гээд олон асуудлууд байна. Боловсролын хууль хэлэлцэх үед үүнийг тусгайлан асууж сураглана уу. Багшийн цалин харилцан адилгүй байгаа ба залуу багш, ахмад багш нар адилхан цалинтай байна. Үндсэн цалин нэмэгдсэн ч хуучин нь нэмэгдэхгүйгээр тэтгэвэрт гарч байна. Сумандаа шүдний эмч, шүдний кабинеттай, уламжлалтын эмчтэй болмоор байна хэмээн санал хэлж байв.

УИХ-ын гишүүн Ц.Туваан та бүхнийхээ санал санаачилгыг УИХ, ЗГ-т уламжилж, төрийн бодлогын нэг хэсэг болгоход хичээнгүйлэн зүтгэх болно гэдгээ илэрхийллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn