“Толгойт хөгжлийн төв” энэ сард ашиглалтад орно
2023.03.10

“Толгойт хөгжлийн төв” энэ сард ашиглалтад орно

Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэлийн зарим удирдлагуудын иргэдтэй уулзах уулзалт долоо дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн уулзалт Толгойт бүс буюу 2, 3, 4, 26, 35, 36 дугаар хороодын иргэдтэй уулзан, тэдний санал бодлыг сонсож, тодорхой хариултыг өглөө.

 Толгойт бүсэд хийж буй зарим томоохон ажлыг дурдвал:

-2, 3 дугаар хороодын айл өрхүүдэд Швейцарын хөгжлийн агентлагийн Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент төслийн хүрээнд ангилан ялгах сав суурилуулж байна

-4 дүгээр хороонд 640 хүүдийн судалтай ерөнхий боловсролын сургууль нээлтээ хийсэн

-Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох зорилгоор гэр хорооллыг дахин төлөвлөн, төвийн бүсийн төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахаар Баянхошуу, Толгойт гэсэн хоёр дэд төвүүдийг барьж буй. Толгойт дэд төв нь 1, 2, 20, 22, 34, 35 дугаар хорооны 153,4 га газар нутагт бүтээн байгуулалт хийхээр төлөвлөгөө гарсан бөгөөд энэ зургаадугаар сараас барилга угсралтын ажил эхлэхээр төлөвлөөд байна.

-Нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Толгойт хөгжлийн төв”-ийн барилга угсралтын ажил бүрэн дууссан бөгөөд энэ сардаа нээлтээ хийнэ. Энэхүү төв нь спорт заал, чийрэгжүүлэх төв, ахмадын амралтын өрөөтэйгөөр тохижуулж дууссан бөгөөд ашиглалтад орсноор Толгойтын хороодын ахмадууд, хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх төв нэгээр нэмэгдэж байна.

Уулзалт Баянхошуу бүсээр үргэлжлэх аж. Тиймээс иргэдийг эл уулзалтад идэвхтэй оролцож санал, бодлоо хуваалцахыг уриалав.