Оросын төмөр зам нээлттэй хувьцаат нийгэмлэг малчдад зориулсан тусламжийн цуваа илгээжээ
2010.02.02

Оросын төмөр зам нээлттэй хувьцаат нийгэмлэг малчдад зориулсан тусламжийн цуваа илгээжээ

Оросын Төмөр зам (РЖД) нээлттэй хувьцаат нийгэмлэгийн хамт олон андын халуун гараа сунгаж 35 вагоноос бүрдсэн тусламжийн цувааг илгээжээ. Цуваа өнөөдөр Улаанбаатарт ирлээ. Оросын төмөр замчдын илгээсэн тусламжийн цуваа нь: 20 вагон өвс, 10 вагон сүрэл, 1 вагон холимог тэжээл, 2 вагон шатах, тослох материал, 2 вагон – дулаан хувцас, эм тариа, халдваргүйжүүлэх бодис зэргээс бүрдэж байгаа аж. Монголчуудын “Найрамдлын зам” хэмээн нэрлэдэг тэр л замаар ийнхүү ах дүүгийн халуун тусламж ирж байна. Оросын ард түмэнд дэлхийн II дайны үед монголчууд халуун сэтгэлээрээ фронтод тусалж, дулаан нэхий дээл, сүү цагаан идээ, морь малаа бэлэглэж байсан тэр үеийн эргэн сануулсан ах дүүгийн найрамдалт харилцаа, бие биедээ хүнд хэцүү үед нь тусалдаг хоёр улсын хамтын ажиллагаа үргэлжилсээр байгаагийн нэг илрэл нь энэхүү тусламжийн цуваа болж байна.

Тусламжийн цувааг хүлээн авах ёслол Төмөр замын буудалд болж, Монгол Улсын тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд В.В.Самойленко нар оролцож, баяр хүргэж үг хэллээ. ОХУ-ын төмөр замчдаас Монголын ард түмэнд илгээсэн тусламжийн цувааг ОХУ-ын Төрийн Думын гишүүн асан, “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч, А.М.Буратаева ахалж ирсэн юм.

Цувааг дагалдан Улаанбаатарт РТР, НТВ телевизийн сурвалжлагчид, “Гудок” сонины сурвалжлагч, ИТАР-ТАСС мэдээллийн агентлагийн фото сурвалжлагч иржээ.

Оросын төмөр зам нээлттэй хувьцаат нийгэмлэгийн энэхүү тусламжаас гадна ОХУ-аас Монголд суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд В.В.Самойленко тус улсаас монголын малчдад учирч буй хүндрэлийг даван туулахад нь зориулж 10 сая рублийн тусламж өгч байгаагаа хэд хоногийн өмнө бас мэдэгдсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.