Тусламжийн цуваа зудтай аймгуудыг зорилоо
2010.02.01

Тусламжийн цуваа зудтай аймгуудыг зорилоо

Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, нийслэлийн байгууллага, иргэдийн хандивын хөрөнгөөр цуглуулсан тусламжийн бараа, хүнс, өвс, тэжээлийг цас зудтай байгаа аймгуудын малчдад хүргэх цувааг үдэх цуглаан өнөө өглөө Яармагийн дэнжид болов.
“Малчин түмэндээ тусалцгаая” уриатай тусламжийн цувааг үдэх ажиллагаанд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, УИХ, Засгийн газрын зарим гишүүд оролцов.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд цуглааны ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, зарим аймгийн нутагт цас зудны гамшиг нүүрлэж, одоогоор улсын хэмжээнд 1.7 сая мал хорогдоод байна. Иймээс Засгийн газар цас зудны бэрхшээлийг хохирол багатай давахад зориулан одоогоор 2.2 тэрбум төгрөг зарцуулаад байна. Мөн зудтай байгаа 12 аймагт тус бүрт нь 230 сая төгрөгийн туслалцаа үзүүлэх хөрөнгийн асуудлыг шийдүүлэх саналаа УИХ-д тавиад байгаа. Энэ асуудлыг УИХ ойрын өдрүүдэд шийдэж өгнө гэдэгт итгэж байна.
Цас зудтай байгаа аймаг орон нутгийн малчдад туслах хөдөлгөөнийг орон даяар  өрнүүлснээр төр, засгийн болон аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэдийн сайхан сэтгэлийн дэмээр Онцгой байдлын ерөнхий газрын дансанд 580 сая гаруй төгрөг төвлөрсний зэрэгцээ 50-иад сая төгрөгийн бараа материалын хандив цуглараад байгааг дурьдав.

УИХ-ын гишүүн, Төв аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Дондог, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Т.Билэгт, Хан-Уул дүүргийн иргэн, 89 настай Д.Шархүү нарын зэрэг хүн цуглаан дээр үг хэлж, малчдадаа тусламжийн гараа сунгасан иргэд, байгууллага хамт олонд талархлаа илэрхийлэн цас зудны гамшгийг сэтгэлийн хатуужил, хамтын хүчин хүчин чармайлтаар даван туулахыг хүслээ.  
Энэ удаа нийтдээ 1.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 2200 тонн өвс тэжээл, гурил будаа, хүнс, эм тарилгын зүйлсийг цас зудтай байгаа 13 аймагт хүргэхээр 150 машин буюу 250 тэвш хөдөллөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсээс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.