2023.02.20
Монгол Улсын аваргууд тодорлоо
Монгол Улсын Засгийн газар жил бүр сар шинийн босгон дээр Улсын аварга малчин өрх, Хошой аварга малчин, Аварга саальчдыг тодруулдаг уламжлалтай.
Засгийн газрын шийдвэрээр 34 шалгуур үзүүлэлтийн дагуу хамгийн өндөр оноо авсан 10 малчныг Улсын хошой аварга, 140 малчныг Улсын аварга малчин өрх, 6 саальчныг Улсын аварга саальчнаар тодруулсан. Үүнээс Дундговь аймгийн хувьд Улсын хошой аварга нэг, Улсын аварга малчин өрх 7, Улсын аварга саальчин нэг тодорлоо.
Цагийн хүнд бэрхийг үл ажран мал сүргийн тоо толгойг таван төрөлд өсгөн үржүүлж, ажил бүтээл, амжилт ололтоороо манлайлж төрдөө үнэлүүлсэн Аваргууддаа шагнал, цол тэмдгийг нь гардуулав. Улсын Аварга малчин өрхөөр тодорсон Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Цахиурт багийн малчин Г.Гансүх, гэргий Н.Өлзийжаргал, мөн Улсын аварга малчнаар тодорсон Сайхан-Овоо сумын Төгрөг багийн малчин Э.Болор-Эрдэнэ. Түүний хувьд өсч төрсөн цагаасаа нутагтаа амьдарч, малчин болохоор шийдсэн байна. Аливаа зүйлд тууштай байх хэрэгтэй гэж бодон нэг зорилгынхоо төлөө зүтгэсэн нь өнөөдрийн энэ цолыг хүртэхэд нөлөөлсөн гэж хэлж байлаа.
Мөн Гурвансайхан сумын малчин Б.Цэрэнлхам Улсын аварга эмэгтэй малчин болсон онцгой үйл явдал боллоо. Түүний хувьд 30 гаруй жил мал маллаж, таван төрөлдөө өсгөн 3000 гаруй тоо толгой мал тоолуулжээ. Б.Цэрэнлхам нь азай буурал ижийтэйгээ говь сайхан нутагтаа энх тунх аж төрж, мал сүргээ хариулан 2014 онд Мянгат малчин, 2018 онд аймгийн Аварга малчин, 2020 онд Алтан хурганы эзэн болсон амжилтаа ахиулж, ажил хөдөлмөрөө төрдөө үнэлүүлэн Улсын аварга малчин боллоо.
Ийнхүү Улсын аварга эмэгтэй малчин 15 жилийн дараа тодорч байгаа бол Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цавчир багаас 60 жилийн дараа, Монгол Улсын аварга малчин П.Энхбатынх тодорч малчин түмэн, төрөл төрөгсөд, нутаг усныхнаа баярлууллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn