Говьсүмбэр аймагт 640 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орлоо
2022.12.19

Говьсүмбэр аймагт 640 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орлоо

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэгийн хамт Говьсүмбэр аймагт ажиллалаа. Говьсүмбэр аймагт ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн шинэ хичээлийн байр, 5 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо.

Говьсүмбэр аймгийн хэмжээнд долоон цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж, нийт 1518 хүүхэд хамрагддаг. 150 хүүхдийн ортой 5 дугаар цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор Сүмбэр сумын 3 дугаар багийн 375 хүүхэд цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой болж байна.

Мөн тус аймагт 640 хүүхдийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн шинэ хичээлийн байр ашиглалтад оров. Өмнө нь 340 хүүхдийн хүчин чадалтай байранд 840 хүүхэд хичээллэдэг байсан нь ийнхүү ард хоцорлоо. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд цэцэрлэг, сургуулийн нээлтийн үеэр хүртээмжийг нэмэгдүүлж, сурах орчин, сургалтын чанарт илүү анхаарна гэдгийг онцлоод 2 дугаар сургуулийн залуу багшийг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар боллоо.

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэгийн санаачлан хэрэгжүүлдэг “Их соёл-Эх үндэс” хөтөлбөрийн хүрээнд шинэ сургуулийн спорт заалыг тохижуулжээ.