Шинжлэх Ухааны академийн Их чуулган боллоо
2023.02.06

Шинжлэх Ухааны академийн Их чуулган боллоо

Чуулганаар 2022 оны ажлынхаа үр дүнг хэлэлцсэн юм. 2022 онд шинжлэх ухааны салбарын хувьд эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр онцгой анхаарсан жил байлаа.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд 3 хүрээлэнг шинээр байгуулж эрдэм шинжилгээний үндсэн ажилтны тоог 10 хувиар нэмсэн байна. Шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, нийгмийн баталгааг хангах зорилгоор албан хаагчдын цалингийн доод хэмжээг баталж, нийт албан хаагчид цалингийн 5-р шатлалаар цалинжих шийдвэрийг гаргасан.

2022 онд Шинжлэх ухааны салбарын санхүүжилт нь 47.7 тэрбум төгрөг батлагдсан. Өнөөдөр улс орнууд шинжлэх ухаан, технологийн салбарт дунджаар ДНБ-ний 2,0 хувийг зарцуулж байгаа бол манай улсын тухайд дөнгөж 0,10 хувь байгаа нь маш чамлалттай үзүүлэлт юм. Тиймээс энэ салбарт санхүүжилтийн шинэчлэлийг эхлүүлсэн.
Шинжлэх ухааны салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд “Төрийн өмчит эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн судалгааны үндсэн чиглэлэлийг тодорхойлох, санхүүжүүлэх журам”-ыг Засгийн газраар хэлэлцүүлэн батлуулсан.

Ингэснээр судалгааны үндсэн чиглэлд гүйцэтгэл, үр дүнд суурилсан тогтмол санхүүжилт олгох боломжийг бүрдүүллээ. Мөн Засгийн газраас Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түнд хяналт тавих журмыг батлаад байна.

Цаашид бид шинжлэх ухаан, инноваци, технологийн салбарынхаа...

  • Хууль эрхзүйн орчныг шинэчлэх,
  • Салбарын санхүүжилтийн олон эх үүсвэрийг бүрдүүлэх,
  • Салбарт шаардлагатай шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор, шинжлэх ухааны парк, салбар дундын нээлттэй лабораторийг байгуулах
  • Цахим шилжилтийг эрчимжүүлж, технологи, мэдээлэлд суурилсан шинжлэх ухааны үйлчилгээг нэвтрүүлэх, нээлттэй, цахим платформыг бий болгох,
  • Чадварлаг хүний нөөцийг гадаад дотоодоос бүрдүүлэх, залуу эрдэмтэн судлаачдыг дэмжих зэрэг олон шинэчлэлийг оновчтой төлөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлнэ.