Шинжлэх ухааны сургуульд “Цахим сургалтын жишиг танхим”-ыг нээв
2023.02.02

Шинжлэх ухааны сургуульд “Цахим сургалтын жишиг танхим”-ыг нээв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор хэрэгжүүлж буй “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуульд “Цахим сургалтын жишиг танхим”-ыг нээлээ.

Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, МУИС-ийн Сургалт эрхэлсэн захирал Б.Батжаргал, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Заяабаатар, Цахим шилжилтийн бодлогын газрын дарга А.Баатарбилэг, МУИС-ийн Улаанбаатар сургуулийн захирал О.Мөнхбат, Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төвийн эрхлэгч С.Отгонцэцэг, ШУС-ийн Нийгмийн ухааны салбар хариуцсан захирал Ч.Тамир болон тус сургуулийн тэнхимийн эрхлэгч нар танхим болон цахимаар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд МУИС-д зохион байгуулж буй сургалт онцгой ач холбогдолтойг дурдаад уг хөтөлбөрийн хүрээнд хичээлийн танхимыг олон улсын жишигт нийцүүлэх, суралцагч нарт танхим болон цахимын хосолсон хэлбэрээр суралцах боломжийг олгох зэрэгт анхаарч байх нь чухал гэдгийг тэмдэглэн хэлэв.

ШУС-ийн захирал Д.Заяабаатар МУИС-д сургалтын цахим шилжилтийн бодлогыг хэрэгжүүлэхэд Шинжлэх ухааны сургууль түүчээлэх ёстойг онцлоод “Бусад бүрэлдэхүүн хийгээд салбар сургуульд заадаг ижил агуулга, түвшин бүхий хичээлийг танхим болон цахимаар хослон явуулах ажлын бодит гараа энэ танхимаас эхэлнэ. Цаашид хэд хэдэн хичээлийн өрөөг ийм танхим болгоно” гэлээ.

Уг танхим нь технологийн орчин үеийн шийдлийг бүрэн ашиглаж орон зай, суралцагчдын тоо харгалзахгүйгээр хичээллэх боломжийг хангаснаараа онцлогтой юм.