“Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв
Нийслэлийн ИТХ-ын зөвлөл хуралдаж, “Замын хөдөлгөөнийг зохицуулах хянан шалгах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 101 дугаарт уг журамд оруулах саналын тухайд,
- Тухайн жилд 4 болон түүнээс дээш зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолоочид цахимаар шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, үндсэн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж төлнө.
- Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг шилжүүлэхийн өмнө болон шилжүүлэхээр бэлтгэж байх үед жолооч ирсэн эсэх нь тухайн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхгүй байх үндэслэл болохгүй
- Тээврийн хэрэгслийн жолоочийг гурваас доошгүй удаа зарлан дуудах, утсаар залгах, мессеж хүргэх шат дараатай явуулахад ирээгүй бол тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлж, үндсэн төлбөрийг төлнө.
- Зөрчлийг бүртгэлийн мэдээллийн санд бүртгэнэ
- Түр саатуулах хашаанаас тээврийн хэрэгслийг гаргахад бусад зөрчлийг арилгуулсан байх зэрэг байгаа юм.
2022 оны байдлаар нийт 120,459 автомашиныг зөөн шилжүүлэх хүсэлт ирүүлсэн бөгөөд, үүнээс 52636 автомашиныг журамлах арга хэмжээг авчээ. Харин тээврийн хэрэгслийн ачилттай холбоотойгоор иргэдээс 154 өргөдөл гомдол ирсний 20 нь ачилтын компаниас болж хохирсон талаар байсан аж. Мөн ачигчийн харилцаа, хандлагатай холбоотой гомдол болон орон сууцны голд болон эмнэлгийн гадаа байрлуулсан автомашиныг ачсан талаарх гомдол, санал хүсэлт тодорхой хувийг эзэлж байна. Түүнээс гадна тээврийн хэрэгсэл дотор хүн болон амьтан байгаа тохиолдолд тухайн автомашиныг ачихгүй байх саналыг боловсруулжээ. Энэхүү асуудлыг Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаас эцэслэн шийдвэрлэнэ.
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн дүрмийн санг өөрчилнө
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар өнөөдөр мөн хэлэлцэв. Уг компани нь нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, ашиглалтыг сайжруулах, түрээсийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Засаг захиргааны 4 дүгээр байр буюу Улаанбаатар бизнес хөгжлийн төв, Нийслэлийн соёлын төв өргөөний А, Б корпус, Монголын хүүхдийн ордон, Хотын төв номын сангийн барилга байгууламжуудыг газар эзэмших эрхийн хамт балансаас балансад шилжүүлэн авсан. Энэ хүрээнд 2022 оны 2 сараас эхлэн Нийслэлийн засаг захиргааны 4-р байрны сул талбайг, 2022 оны 8 сараас эхлэн Хотын төв номын сангийн сул талбайг тус тус түрээсийн гэрээгээр ашиглуулж эхэлжээ. Иймд компанийн дүрмийн 4.3 дахь хэсэгт “Үл хөдлөх хөрөнгө түрээслэх үйл ажиллагаа” болон “концессын үйл ажиллагаа” гэсэн үйл ажиллагааны чиглэлүүдийг шинээр нэмэх шаардлагатай байгааг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэг танилцууллаа.
Тус компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь одоогоор 1 тэрбум төгрөг байдаг. Нийслэлийн төсвөөс уг компанид 10 тэрбум 670 сая төгрөгийн санхүүжилтийг 2022 оны 7 сарын 8-нд олгосонтой холбоотойгоор компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 11 тэрбум 670 сая төгрөг болгон өсгөх шаардлагатай байгаа юм.
Нийслэлийн тэргүүний тариаланчид нэр дэвшигчдийг танилцууллаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 183 дугаар тогтоолын дагуу “Нийслэлийн тэргүүний тариаланч”-ийн шалгуур үзүүлэлтийг хангасан дараах тариаланчдыг танилцууллаа.
Тэргүүний тариаланчаар:
- Зоригтын Эрдэнэчулуун. Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны тариаланч. Тэрбээр жилд дунджаар 108 гаруй тонн хүнсний ногоо хураан авч, нийслэлийн хүн амын хэрэгцээг хангахад хувь нэмрээ оруулдаг. Мөн жил бүр ургалтын хугацаанд 10 иргэнийг улирлын чанартай ажлын байраар хангахын зэрэгцээ ногоо тарьж ургуулах арга технологийг зааж сургадаг байна.
- Төмөрийн Ламчин. Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны тариаланч. Хорооныхоо 8 иргэнийг улирлын чанартай ажлын байраар хангаж ажилладаг бөгөөд хөрс боловсруулалт, хортон шавжтай тэмцэх, хог ургамал түүж устгах ажлуудыг хийж нийслэлийн иргэдийн хүн амын хүнсний хэрэгцээнд эх орны хөрсөнд тарьсан хүнсний бүтээгдэхүүнээр хангахад өөрийн хүч нэмрээ оруулсаар байна.
- Жамбалын Нацагням. Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны тариаланч. 2012 оноос хорооны 55 иргэнийг хамруулан ногоочдын бүлэг үүсгэн ажиллаж байгаа. 2015 онд хатаасан ногооны цех байгуулж, 8 төрлийн хүнсний ногоо, эмчилгээний бууз, баншны үйлдвэрлэл эрхэлж эхэлжээ.
- “Хос мөнхжин” ХХК. Тус компани СХД-ийн нутаг дэвсгэрт хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэн чацаргана, үхрийн нүд, монос, үрэл, долоогоно, лооль, өргөст хэмх, чинжүү, цагаан лууван, цо байцаа, төмс, хүнсний ногоо, мод үржүүлэг, бут суулгац, улаан лооль, төрөл бүрийн навчит ногоо, сонгино тариалж нийслэл болон хөдөө орон нутгийн ард иргэдийг чанартай, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр ханган ажилладаг байна.
Товчхон:
- Нийслэлийн онцгой байдлын газраас Бүгд Найрамдах Беларусь болон Франц Улсын хамтын ажиллагааны төслийн хүрээнд албаны бэлтгэл, бэлэн байдал, хүч хэрэгслийн чадавхыг сайжруулах зорилгоор аврах ажиллагааны болон тусгай зориулалтын автомашины парк шинэчлэлийг хийсэн. Үүнтэй холбоотойгоор нийт 194,524,950 төгрөгийн үнэ бүхий 4 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчөөс төрийн өмчид балансаас балансад шилжүүлэхээр болжээ.
- Налайх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орсон 11 ус түгээх байрыг нийслэлийн өмчид бүртгүүлэх асуудлыг хэлэлцлээ. Эдгээр худгийг Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн хөрөнгө, Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайдын Өвсний үндэс хүний аюулгүй байдлыг хангах төслийн хөрөнгө, Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллагын хандивын хөрөнгөөр барьж байгуулсан юм.
- Нийслэлийн ерөнхий боловсролын 59 дүгээр сургуулийн балансад бүртгэлтэй барилга байгууламжийг 156-р сургуулийн балансад шилжүүлнэ.
- “Чандмань Налайх” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 16 ус түгээх байрыг акталж, данснаас хасуулах хүсэлтийг гаргасан. Мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3 гүний худгийн барилга, 2 цооногийг буулгаж нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах асуудлыг танилцуулсан бөгөөд Нийслэлийн ИТХ-ын ээлжит 17 дугаар чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ.