УИХ-ын 2022 оны Намрын ээлжит чуулган хаалтаа хийлээ
2023.01.20

УИХ-ын 2022 оны Намрын ээлжит чуулган хаалтаа хийлээ

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулган ажлын 78 өдөр чуулж, бие даасан 18 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 271 хууль, УИХ-ын 38 тогтоолыг хэлэлцэн баталж хаалтаа хийлээ.

2022 оны намрын чуулганы хугацаанд УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааны хүрээнд хийсэн ажлууд болон анхаарч ажилласан хуулиудын заримаас онцолж байна.

  • Миний бие өнгөрсөн оны наймдугаар сарын 30-ны өдөр УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар томилогдож Монгол Улсад цахим шилжилтийг эрчимжүүлэх, салбарын эрхзүйн орчныг боловсронгуй болгох үүрэг хүлээн ажиллаж байна. Энэ хугацаанд Цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай 50 гаруй уулзалтыг зохион байгуулж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд байнгын хорооны хуралдаанаар тогтоол баталж Засгийн газар болон холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгч ажиллалаа.
  • Өнгөрсөн дөрөвдүгээр сард “D-Parliament” систем ашиглалтад орж иргэд УИХ-д өргөдөл, гомдол, хүсэлтээ илгээж, хуулийн төсөлд цахимаар санал өгөх боломжтой болсон. Тэгвэл Инновац, цахим бодлогын байнгын хорооны энэ сарын 18-ны хуралдаанаар Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журмыг баталснаар иргэд цахимаар гаргасан саналаа УИХ-аар хэлэлцүүлэх боломжтой болж парламентын ардчиллыг бэхжүүлэх алхам дахин шат ахилаа.
  • УИХ-ын анхны Хянан шалгах түр хороо Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар байгуулагдаж, миний бие түр хорооны гишүүнээр ажиллаж байна. Өнгөрсөн оны 12-р сарын 26-ны байдлаар Хөгжлийн банканд нийт 994.7 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн бөгөөд Түр хорооноос анх удаа нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг зохион байгуулж эхний сонсголд 60 компанийн 306 гэрчийг дуудсанаас 175 нь оролцлоо.
  • Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдаж манай улсын уул уурхайн салбарт нүүрлээд байгаа хулгай, луйврын асуудлыг үндсээр нь устгах боломжтой боллоо. Уул уурхайн бирж ажиллаж эхлэх хүртэл Нүүрсийг цахимаар арилжих түр журмыг хэрэгжүүлж байна.
  • Зөвшөөрлийн тухай хууль батлагдаж төрөөс олгодог 1600 орчим зөвшөөрлийг тав дахин буюу 360 болгож багасгасан нь хүнд суртал, авлигын эсрэг бодит алхам боллоо.
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль батлагдаж хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий төслүүдийг хэрэгжүүлж, улс орны хөгжлийн зорилтуудыг хангахаас гадна хувийн хэвшилд бизнесийн томоохон зах зээл нээгдэж байна.
  • Эрүүгийн хуульд нэмэлт , өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж авлига, албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байх, хялбаршуулсан горимоор шийдвэрлэхгүй байх, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар боллоо.
  • Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хууль батлагдаж гадны болон дотоодын хөрөнгө оруулагчид томоохон төслүүдийг санхүүжүүлэх, хөрөнгө оруулах эрхзүйн боломж бүрдэж зөвшөөрөл авах эрх нь нээгдлээ.
  • Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль батлагдаж цахим гэмт хэрэг, хүний эрхийн зөрчлийг хянан шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх эрхзүйн зохицуулалттай боллоо.