УИХ-ын Намрын чуулган 78 өдөр чууллаа
2023.01.23

УИХ-ын Намрын чуулган 78 өдөр чууллаа

УИХ-ын 2022 оны Намрын чуулган ажлын 78 өдөр чуулж, Байнгын хороо 108 удаа, Дэд, түр хороод 8 удаа, Хянан шалгах түр хороо 9 удаа, Нэгдсэн чуулган нийт 32 удаа хуралдаж, 180 асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн.

Анхдагч болон бие даасан хууль 18, Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 271 хууль, Улсын Их Хурлын 38 тогтоолыг хэлэлцэж баталлаа.

Чуулганы хугацаанд Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-аар батлуулж, Төсвийн шинэчлэлийн хуулийн төсөл /Төсвийн холбогдох 14 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд/ болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хамтран ажилласан гишүүдийн хамтаар санаачлан өргөн мэдүүлсэн.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх дараах хуулийн төсөл болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласнаар намрын чуулганыг өндөрлүүлж байна.
  • Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолго ашиглах тухай МУ-ын УИХ-ын тогтоолыг төсвийн байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг.
  • Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийг байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг.
  • Газрын багц хуулийн төсөл, Геодези зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг.
  • Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох үүрэг бүхий түр хороо.
  • Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо.
  • Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг
  • Өнгөрсөн 10 дугаар сараас Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж, гишүүдийн хамт дараах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн өмчийн оролцоотой томоохон үйлдвэрүүд
  • Төв аймгийн Аргалант суманд үйл ажиллагаа явуулж буй "Эко фүүдс" ХХК, Лүн суманд үйл ажиллагаа явуулж байгаа "Эрүүл Монгол мах Эко" мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр
  • Улаанбаатар хотын "Ханбогд кашимер" ХХК-ий ноос, ноолуурын үйлдвэр
  • Улаанбаатар хотын "Талын металл нунтаг" ХХК-ий нунтаг төмөрлөгийн үйлдвэр
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны чиг үүрэгт хамаарах хөнгөн үйлдвэрүүд
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын төлөөлөл
  • Ашигт малтмал, газрын тосны газрын төлөөлөл
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц