Татварын алба 2023 онд хиймэл оюун ухаан ашигладаг болно
Төрийн байгууллагуудын цахим шилжилтийн үйл явцтай танилцах, эрчимжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Татварын ерөнхий газарт ажиллаж удирдлагууд болон албан хаагчидтай уулзалт хийлээ /2023-01-10/
Уулзалтад, УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Ж.Чинбүрэн, Н.Ганибал нар оролцлоо. Уулзалтаар Монголын татварын албаны үйл ажиллагаа болон сүүлийн жилүүдэд хийгдсэн цахим шинэчлэл, цахим шилжилтийн үйл явцын талаар дэлгэрэнгүй танилцуулгыг сонслоо.
Инновац, цахим бодлогын байнгын хороо 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар /И-баримт/-ын төлбөрийн цаасан баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, цахим төлбөрийн системтэй холбох чиглэлийг Засгийн газарт өгсөн тогтоол баталсан. Тус ажил зохих түвшинд ахицтай хэрэгжиж байна.
Тухайлбал, сард 80 гаруй сая баримт бүртгэгдэж байгаагийн 70 сая нь иргэнээр шивэгдэж байна. Тиймээс иргэдийн хэрэглээний дийлэнхийг бүрдүүлж байгаа аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах ажлууд дэс дараатай хийгдэж байна.
2022 оноос татварын албаны үүсгэсэн мэдээллийн бааз дээр суурилан Их өгөгдлийн сан үүсгэн, тус бааз дээр суурилсан машинд таниулах технологийг ашигласнаар байцаагчаас хамааралтай үйл ажиллагаанаас үе шаттайгаар ангижирч байгаа бөгөөд энэ оноос хиймэл оюун ухааныг татварын албанд ашиглаж эхлэх аж.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилт салбарын хэмжээнд ямар байгаа талаар мэдээлэл авлаа.