Улсын эдийн засагт том хувь нэмэр оруулах Дарханы арьс ширний цогцолбороо босгох нь туйлын чухал
Дарханы арьс ширний цогцолборт орон нутаг болон хувийн хэвшил хамтраад том хэмжээний зээл аваад бүтээн байгуулалтууд хийгээд явж байсныг зогсоож төр “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ийг байгуулан ажиллахаар Засгийн газрын шийдвэр гарсан байдаг.
Төр хийж болох л байх. Гэхдээ газар дээрээ ямар нөхцөл байдалтай байна вэ гэхээр энэ үйлдвэрийг босгох гээд хувийн хэвшлийнхэн хэдэн тэрбумын зээл аваад багагүй бүтээн байгуулалт, дэд бүтэц хийчихсэн. Энэ бүтээн байгуулалттай олон гишүүд очиж танилцсан. Үндэсний аудитын газар ч орж ажиллаад бодит ажлыг нь хууль номын дагуу тогтоочихсон. Гэтэл төр яг ижил шахуу дэд бүтэц, үйлдвэр зэрэгцүүлж барина гээд хувийн хэвшлийн хажуугаар давхиад орчихсон. Одоо яг яах нь тодорхой биш болоод гацчихлаа.
Нэгэнт энэ үйлдвэрийг төр авахаар шийдэж байгаа бол хувийн хэвшлийн хийж бүтээсэн бүтээн байгуулалт, бэлэн дэд бүтцийн боломжит хэсгийг нь авах хэрэгтэй. Энэ нь цаг хугацаа ч хожно, хөрөнгө мөнгө ч хэмнэнэ. Ковидын өмнөх үнэ, цаг хугацаа хэмнэх шийдэл юм.
Нэг жил, нэг сар бүр нэг хоногийн өмнө ч болов энэ үйлдвэр ашиглалтад орох нь тэнд ажиллах Дарханчууд, түүхий эдээ нийлүүлэх малчдад ашиг тустай.
Хамгийн гол нь олон улсын стандартад нийцүүлээд Монгол малын арьс ширээ боловсруулаад долларын импорт оруулж ирэх нь чухал. Олон мянган хүнийг ажлын байр бий болгож, улсын эдийн засагт том хувь нэмрээ оруулах Дарханы арьс ширний цогцолбороо босгох нь л туйлын чухал байна.
Иймд энэ тогтоолоо батлаад аль болох хугацаа алдахгүй ажлыг урагшлуулах саналтай байна.