2022.12.23
Ногоон дэлхийн төлөө сэтгүүлчид нэгдэцгээе
Монгол улс, БНХАУ-ын хэвлэл мэдээллийн байгууллага, экологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төр, хувийн хэвшлийн төлөөлөл, сэтгүүлчид зэрэг 120 гаруй хүндэт зочид, төлөөлөгчид оролцон “Ногоон дэлхийн төлөө сэтгүүлчид нэгдэцгээе” сэдвийн хүрээнд Улаанбаатар, Бээжин, Хөх хотоос цахимаар оролцон чууллаа. Байгаль орчныг хамгаалах асуудлаар хэлэлцэж, байгаль орчин, экологийг хамгаалах чиглэлд хамтран ажиллах талаар ярилцлаа.
Монгол Хятад хоёр улс нь байгалийн эмзэг тогтоцтой говь, тал хээрийн бүс нутгаар хиллэдэг тул байгаль орчин хамгаалах хамтын ажиллагаа, экологийн аюулгүй байдлыг хамтран бэхжүүлэх чиглэлээр бүх шатанд хамтран ажиллаж ирсэн. Цаашид ч энэ хүрээг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг идэвхитэй оролцуулж, олон нийтийн соён гэгээрүүлэх, олон нийтийг оролцоо дэмжлэгийг нэмэгдүүлэхэд энэ удаагийн форумын зорилго оршиж байна.
Форумд Монгол Хятадын Байгаль орчин, Экологийн сайд нар үндсэн илтгэл тавьсан бол Байгаль хамгаалахад сэтгүүл зүйн үүрэг нөлөө зэрэг сэдвээр хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагын нийт найман илтгэл тавигдлаа. Монгол орны хувьд газар зүйн байршил, эх газрын эрс тэс уур амьсгал зэргээс хамааран дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг 10 орны тоонд ордог. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд агаарын дундаж температур 2.25 хэмээр дулаарч, хур тунадас 7,3 хувь буурч, нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилтөд өртөж, мөнх цэвдэг 29.3 хувь хайлж, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж хоёр дахин нэмэгдсэн зэрэг нь манай орны байгаль орчин, нийгэм, эдийн засагт ихээхэн сөрөг үр дагавар үзүүлж, хөдөө аж ахуй, газар тариалан болон МАА, тэр дундаа бэлчээрт хүчтэй сөрөг нөлөө үзүүлж байна.
Монгол улсын хэмжээнд “Шинэ сэргэлтийн бодлого”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн зэрэг нь ногоон хөгжлийг дэмжсэн төрийн гол бодлогын тодорхойлсон баримт бичгүүд юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn