Хуш модны самрыг газар зүйн заалттай бүтээгдэхүүн болгох боломжийн талаар ярилцав
Дэлхийн оюуны өмчийн байгууллагын үнэлгээний багтай хуш модны самрыг газар зүйн заалттай бүтээгдэхүүн болгох боломжийн талаар санал солилцов.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга Дэлхийн оюуны өмчийн газрын Ази, номхон далайн бүсийн хөгжлийн төвийн консул Давид Симонс, зөвлөх Барбара Пик болон Оюуны өмчийн газрын холбогдох төлөөлөлтэй уулзаж, хуш модны самрыг газар зүйн заалттай бүтээгдэхүүн болгох боломжийн талаар санал солилцов.
"Газар зүйн заалт" гэдэг нь тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөлөөр тодорхойлогдсон чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар бүхий бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн улс, бүс, газар нутгийн газар зүйн нэрийг хэлдэг байна. Монгол орны ойн сангийн 5.17 хувийг эзэлдэг хушин ойгоос дэлхийн хуш модны самрын 30 хувийг түүдэг судалгаа бий.
Тиймээс хушин ойн ашиглалт, хамгаалалт, хяналтыг ойн анги, мэргэжлийн байгууллага, иргэдийн нөхөрлөлд гэрээгээр хариуцуулж, татвар, хураамжийг бүрэн авч нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн хөгжүүлэх зохицуулалт бүхий журмын төслийг талуудын оролцоотойгоор боловсронгуй болгох шаардлагатай юм.
Дэлхийн оюуны өмчийн газрын судлаачид хушин ойн өнөөгийн байдалд судалгаа хийж, үнэлэлт дүгнэлт өгөх бөгөөд цаашид газар зүйн мэдээлэлд бүртгүүлэх ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газартай хамтарч ажиллахаар боллоо.