Өнгөрсөн онд Улаанбаатар хот төлөвлөгөөт ажлаа 100 хувь хийж гүйцэтгэжээ
2010.01.11

Өнгөрсөн онд Улаанбаатар хот төлөвлөгөөт ажлаа 100 хувь хийж гүйцэтгэжээ

Уг сургалтаар өнгөрсөн онд улсын болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудын биелэлт ямар байсан, 2010 онд хэдий хэмжээний хөрөнгөөр ямар ажлууд хийгдэх талаар ярилаа. Өнгөрсөн оны энэ өдөр Нийслэлийн санхүүгийн 1000 ажилтны зөвлөгөөн зохион байгуулагдаж байсан. Үүнээс яг жилийн дараа “Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх сургалт” зохион байгуулагдлаа. Сургалтын гол зорилго нь 2010 онд улсын болон нийслэлийн төсөвт хөрөнгөөр дүүрэг, хот ямар ажил хийхээр төлөвлөсөн талаар мэдээлэл өглөө.

“2008 онд Улаанбаатар хот төлөвлөгөөт ажлаа хугацаанд нь хийж чадаагүй учраас 28 тэрбум төгрөгийг улсад буцааж байсан. Тэгвэл өнгөрсөн онд хотод бүтээн байгуулалтын ажил хангалттай сайн өрнөж, Улаанбаатар хот төлөвлөгөөт ажлаа 100 хувь хийж гүйцэтгэлээ” гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр онцолсон.
Хөрөнгө оруулалтын ажлын чанар ямар байх нь сонгон шалгаруулалтыг зөв хийх, хамтран ажиллагсдын уялдаа холбоо, мэргэжлийн байгууллагын санал санаачилгаас ихээхэн шалтгаалдгийг хотын дарга сануулаад “Мэргэжлийн байгууллагууд болон гүйцэтгэгч байгууллагуудын ажлын уялдаа муугаас хөрөнгө оруулалтын ажил удаашрах, чанаргүй болох зэрэг алдаа дутагдлыг энэ оноос хална” гэж хотын мээр хатуухан анхарууллаа. Энэ жилийн хөрөнгө оруулалтын ажлын сонгон шалгаруулалтыг хоёрдугаар сарын нэгнээс эхлүүлэхээр НЗДТГ бэлтгэл ажилдаа ороод байна.
2009 онд Улаанбаатар хотод Улсын төсвөөр 19,4, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 12,8, нийслэлийн төсвөөр 19,3 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад хамгийн их хөрөнгө оруулалттай, бүтээн байгуулалт, нийгмийн чанартай ажлууд хийгдсэн жил байлаа гэдгийг хотын удирдлагууд онцолж байлаа.

2010 онд 198 тэрбум төгрөгийн ажил хийгдэхээр төлөвлөсөн. Хэд хэдэн авто зам болон инженерийн шугам сүлжээ, дулааны гол шугамыг өргөтгөн шинэчилнэ. Ус хангамжийн “Гачуурт” шинэ эх үүсвэр, Энгельсийн болон Нарантуулын гүүрэн гарцыг барина. Тасганы овооны тохижилтын ажлыг эхлүүлнэ. Хотын төвийн гэр хорооллын 16.0 мянгаас доошгүй айл өрхийг экологийн цэвэр түлшээр хангана.14 хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барина. Нэгдүгээр амаржих газарын барилгын эх засварыг хийнэ зэрэг олон арван ажлыг хийж хэрэгжүүлэх ёстой гэсэн мэдээллийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч /Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан/ Б.Баатарзориг хэлж байлаа. Нийслэлийн удирдлагууд, нийслэлийн харьяа газар, хэлтсүүдийн болон дүүргүүдээс 100 гаруй төрийн албан хаагчид оролцсон энэхүү сургалтыг хааж Засаг дарга Г.Мөнхбаяр хэлэхдээ “Энэ сургалтыг зохион байгуулсан нь төсвийн хөрөнгө оруулалтыг хөгжлийн бодлого, төлөвлөлттэй нягт уялдуулах, гүйцэтгэлийг хангах, өмчийн бүртгэлийг сайжруулах, тухайн жилийн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зорилготой юм. Энэ тал дээр цаашид дорвитой өөрчлөлт гарна гэдэгт найдаж байна. Хотод хийхээр төлөвлөсөн ажлуудыг хугацаанд нь хийж хэрэгжүүлэн хүлээлгэн өгөх зөв эхлэлийг та бүхэн гардан зохион байгуулах учиртай” гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.