Байгалийн нөөц ашигласны төлбөрийн хуулийн хэрэгжилтийг сайжруулахаар 12 чиглэл бүхий зөвлөмж боловсруулжээ
2022.12.09

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн хуулийн хэрэгжилтийг сайжруулахаар 12 чиглэл бүхий зөвлөмж боловсруулжээ

Авлигатай тэмцэх газрын “Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс”-ээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран авлигын эсрэг олон улсын өдрийг угтан “Байгалийн нөөц ашиглалт: Орлого ба зарлага” хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Эл хэлэлцүүлгээр байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого бүрдүүлэлт, захиран зарцуулалт, байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлуудыг авч хэлэлцсэн юм. Холбогдох асуудлаар харьяа байгууллагын төлөөллүүд илтгэл тавьсан.

Ингээд хэлэлцүүлэгт оролцогчдоос гарсан санал, цаашид анхаарах асуудлыг нэгтгэн “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн хууль тогтоомжийн” хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр 12 асуудал бүхий зөвлөмж боловсруулсан юм. 

Ингэснээр байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль болон байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмын хэрэгжилтийг хангах, татварын орлого бүрдүүлэлтийн үйл явц, захиран зарцуулалтын үр ашигтай байдал, байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажлын үр дүнг тооцох, төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, түүнд тавих хяналт ил тод байдлыг сайжруулах, авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй шат шатандаа арга хэмжээ авна.

Тус хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн байгаль орчны газар болон аймаг, дүүрэг, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын төлөөлөл оролцлоо.

Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг таниулан сурталчлах 5 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 384 иргэн, албан тушаалтныг хамруулаад байна.