“Барилгын салбар дахь авлигын эрсдэл ба инженерийн ёс зүй” хэлэлцүүлэг боллоо
2022.11.28

“Барилгын салбар дахь авлигын эрсдэл ба инженерийн ёс зүй” хэлэлцүүлэг боллоо

Авлигатай тэмцэх газар үндсэн 5 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Үүний нэг болох урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр тогтмол арга хэмжээ авч ажиллаж байна. Авлигатай тэмцэх газрын гомдол мэдээллийн утсанд сүүлийн 3 жилд 180 гаруй гомдол, санал иржээ.

Эдгээрээс дийлэнх нь тусгай зөвшөөрөл, нийтийн албан тушаалтан төрийн албан хаагчийн ёс зүй, тендер худалдан авалт, захиргааны шийдвэртэй холбоотой гомдол эзэлсэн аж. Тиймээс Монголын барилгын инженерүүдийн холбоотой хамтран “Барилгын салбар дахь авлигын эрсдэл ба инженерийн ёс зүй”хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

2023 оноос эхлэн зураг төсөлгүй барилгын ажлыг тендер шалгаруулалтад оролцуулахгүй зөвхөн төлөвлөгдсөн барилгын ажлыг гүйцэтгэх, чанаргүй ажил гүйцэтгэдэг компаниудад тавих хяналтын механизмыг сайжруулах, барилгыг эхлэхээс дуусах хүртэлх үйл ажиллагааг цахим хэлбэрээр иргэдэд ил тод, нээлттэй болгохоор зорьж байгаа аж. Энэ чиглэлд эл хэлэлцүүлгийн зорилго оршсон.

Монгол улсад анх 2009 онд барилгын инженерийн ёс зүйн анхны зөвлөмжийг гаргажээ.  
Мөн олон улсын судалгаа, жишээ туршлагаас үндэслэн 2021 онд барилгын ёс зүйн дүрмийг боловсруулан батлуулсан. Энэ дүрмийг боловсруулахдаа 2004 оноос эхлээд Азийн барилгын инженерүүдийн зохицуулах зөвлөлийн дүрмийг судалсан байна. Түүнчлэн Япон, Солонгос, Тайвань зэрэг орнуудын ёс зүйн дүрмийг судалж үүний үр дүнд ёс зүйн дүрмээ боловсруулж, мөрдөж ажиллаж байна гэдгийг Монголын барилгын инженерүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч К.Мурат онцолсон билээ.

Холбогдох албаны хүмүүс тодорхой жишээ, кэйс дээр тулгуурлалж илтгэл хэлэлцүүлсэн. Тодруулбал барилгын салбар дахь инженерийн мэргэжилтнүүдийн ёс зүйн ойлголт, авлигын асуудал ямар түвшинд байгааг тодорхойлох, тандах зорилгоор судалгаа хийжээ. Нийтдээ 4 хэсэг бүхий 28 асуулттай судалгааг боловсруулахдаа барилгын инженерүүдийн холбооноос баталсан ёс зүйн дүрэмд үндэслэжээ. Уг судалгаанд 26-45 насны 367 хүн идэвхтэй оролцсон байна.

Судалгаанд оролцогчдын 73,3% нь ажлаа гүйцэтгэхдээ ёс зүйгээ баримталдаг боловч ёс зүйгүй үйлдэл хийхийг шаардах, авлига, хахууль өгөх, танил талдаа бусдаас давуу байдлыг олгох зэрэг үйлдлүүд цөөнгүй байна гэж хариулжээ. Авлига хээл хахуулийн тухайд барилга байгууламжийг комисст хүлээлгэн өгөхөд хамгийн их авлигалтай, зураг төслийн үйл ажиллагаанд бага байна гэжээ. Тиймээс энэ салбарт тулгамдаж буй асуудлыг хамтран шийдэх гарц гаргалгааг тодорхойлов.

Хэлэлцүүлгийн үр дүнд дүгнэлт гаргаж, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулсан юм. Өнөөдрийн хэлэлцүүлэгт Барилга хот байгуулалтын яам, Монголын барилгын инженерүүдийн холбоо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын төлөөллүүд оролцов.