“Авлигаас ангид боловсрол: Ёс зүй ба шударга байдал” хэлэлцүүлэг болов
2022.11.17

“Авлигаас ангид боловсрол: Ёс зүй ба шударга байдал” хэлэлцүүлэг болов

Авлигатай тэмцэх газраас ээлжит хэлэлцүүлгээ өрнүүллээ.

Тодруулбал “Авлигын эсрэг олон улсын өдөр”-ийг угтан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.1-т тусгасан “Шударга хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх, ёс зүйг дээшлүүлэх” зорилтын хүрээнд бүх шатны боловсролын байгууллагын удирдах албан тушаалтан, багш, ажилтны ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах, авлигын эсрэг мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Авлигаас ангид боловсрол: Ёс зүй ба шударга байдал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

Хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвсэл, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр салбарын ёс зүйн асуудал, бүх шатны байгууллагын харилцаа, хандлага, авлигиын эсрэг мэдлэг мэдээллийн талаар илтгэл хэлэлцүүлэв.

Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг таниулан сурталчлах 11 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 942 иргэн, албан тушаалтныг хамруулжээ.

Боловсрол шинжлэх ухааны яам 2022 оныг Боловсролын салбарын ёс зүйн жил болгож зарласан. Энэ хүрээнд хийх ажлын төлөвлөөгөөгөө баталж салбарынхаа эрх зүйн шинэчлэлийг хийхээр зорин ажиллаж байгаа юм. “Монгол улсыг хөгжүүлэх алсын хараа 2050” “Боловсролын салбарын дунд хугацааны хөгжил 2030” Боловсролын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төрийн албан хаагч ялангуяа Монгол улсын иргэдийн хандлага ёс зүйтэй холбоотой олон зүйл заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор ёс зүйн жилийнхээ эрх зүйн үндэслэлийг тодорхойлжээ.

2020-2021 онд бүх шатны боловсролын сургалтын байгууллагын зарим удирдах албан тушаалтан, багш нар, оюутан суралцагч, эцэг эхийн хандлага, ёс зүйн зөрчил, хууль тогтоомжийн зөрчилтэй холбоотой шүүмжлэл болон гомдол, санал өмнөх жилүүдээс харьцангуй ихэссэн. Нэг хүний үйлдэл салбарын нийт хүний үйлдэл юм шиг олон нийтийн зүгээс санал, шүүмжлэл ихээхэн гарч байгааг онцолсон.

Үүн дээр үндэслэж 2021-2022 оны хичээлийн жилд судалгаа явуулсан байна. Энэхүү судалгаагаар бүх шатны боловсролын байгууллага ёс зүйн дүрмээ багш ажилтан, сурагчдадаа хэрхэн танилцуулдаг, дотоод үйл ажиллагаанд хэрхэн яаж тусгадаг, төр засгаас баталж буй шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд юу саад болж байна вэ гэдгийг олж тогтоожээ. Үүний зэрэгцээ сургалт, моделын ажлыг өргөн хүрээнд хамруулж зохион байгуулсан байна.

Гэвч судалгаанд оролцсон багш, ажилтны 38,7% нь л ёс зүйн талаар мэдэж байжээ. Энэ нь ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, таслан зогсоох ажил хангалттай хэрэгжихгүй байгаагийн илрэл. Тиймээс энэ нь 2022 оныг ёс зүйн жил болгох практик үндэслэл болжээ.

Ёс зүйн жилийн төлөвлөгөөний хүрээнд үүнийг хэрэгжүүлэхэд үүрэг манлайлалтай оролцох субьект бол тухайн байгууллагын ёс зүйн зөвлөл. Энэ онд боловсролын салбарын бүх байгууллага ялангуяа цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудын ёс зүйн зөвлөлийг шинэчилж батлуулсан.

Яамны ёс зүйн зөвлөл чадавх, мэдлэгтэй байснаар салбарын ёс зүйн зөвлөлд туслалцаа, дэмжлэг үзүүлэх ажил үр дүнтэй байна. Мөн 2022 он дууссан ч гэсэн ёс зүйн асуудал, хандлагаа өөрчлөх, салбарынхаа хөгжлийг цааш нь түүчээлэх ажлыг үргэлжүүлэн хийнэ гэдгийг онцоллоо.