2022.11.11

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Эмийн даатгалын хөнгөлөлтөд ямар зохион байгуулалт хийж байгаа вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.11\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баярсайханаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Хүн амын нийтийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай” тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

Эл асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р багийн иргэн Түвшинтөгс, 12-р багийн иргэн Болорхаан, 11-р багийн иргэн Эрдэнэцэцэг, 15-р багийн иргэн Амгалан, Ядамжав, Өргөө багийн иргэн Батаа нараас дараах асуултыг асуусан.

Жор бичих эрхийг өрхийн эмнэлэг бичиж, жороороо авч болно гээд байгаа боловч үзүүлээд очихоор заавал нарийн мэргэжлийн эмчийн жор бичиж ир гэж явуулаад байна. Энэ асуудлыг нэг талд нь оруулж шийдэж өгөөч гэсэн юм. Энэ ямар учиртай вэ?

Эмийн жоронд эмч нь 20 мг-тай эм бичиж өгдөг. Гэвч эмийн сангаас авах гэхээр тухайн заасан мг-тай эм байхгүй, 15 мг-тай байгаа учраас өгөхгүй гэдэг аж. Энэ асуудлыг яаж шийдэх ёстой юм бэ? Ахмадууд 520 мянган төгрөгийн тэтгэвэртэй. Эмийн үнийн өсөлт тэнгэрт гарсан. Дийлэнх нь зүрх судас, даралтны эмээ авч уудаг. Энэ үнийн өсөлтийн үед сар хэрэглээний эмээ авахад 280 мянган төгрөг зарцуулдаг байна. Зөвхөн даралт, зүрхний эмэнд. Цаана нь олон эм хэрэглэнэ. Хоолоо идэх үү эмээ уух уу, хувцасаа өмсөх үү болж хувирч байгаа юм.

Эмийн үнийн өсөлтөд даатгалын хөнгөлөлтийг хуучин байснаар нь өсгөж болдоггүй юм уу. Даатгал дээр ямар зохион байгуулалт хийж байгаа вэ?

Саяхан миний бие Английн элчин сайдтай уулзсан. Энэ үеэр Элчин сайд танай Эрүүл мэндийн яам өрсөлдөөнийг оруулж ирж эмийн үнийн өсөлтийг бууруулах, чанарыг сайжруулах чиглэлд ажиллахгүй байна. Англи улсын эм ханган нийлүүлэх компаниуд орж ирэх гэхээр боломжгүй дүрэм, журам тулгадаг гэж онцолсон. Уг асуудлыг яаж шийдэж байгаа юм бэ? Хямд чанартай эм оруулж ирэх боломж бий юм байна лээ шүү дээ.

Түүний асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариуллаа.