Дүүргийн удирдлагууд ногоон байгууламж, явган болон дугуйн замын нэгдсэн төлөвлөлт гаргаж, Хотын даргад танилцуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр төвийн зургаан дүүргийн удирдлагуудтай уулзаж, ирэх жил хийхээр төлөвлөж байгаа явган болон дугуйн зам, ногоон байгууламжийн талаарх мэдээллийг нь сонслоо. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн хувьд 64 байршилд чөлөөлөх шаардлагатай 1559 гарааш байснаас энэ жил 1234-ийг чөлөөлж, эхнээс нь явган болон дугуйн зам тавиад эхэлжээ. Харин Хан-Уул дүүргийн удирдлагууд Эко коридор байгуулахаар төлөвлөснөө танилцуулав.
Энэ үеэр Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвөөс одоо байгаа дугуйн болон явган зам, мөн үүнийг хэрхэн нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах чиглэлээр хийх богино хугацааны төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, нийслэлийн төвийн барилгажсан хэсэгт 31.4 км дугуйн зам байна. Гэвч эдгээр зам нь явж байгаад тасардаг, хоорондоо холбогдоогүй гэх мэт асуудал байгаа юм. Иймээс эдгээрийг холбох, иргэд дугуйн замаар зорчиж ажилдаа явах нөхцөлийг бүрдүүлэхэд 31.5 км явган болон дугуйн зам шаардлагатай байгааг судалгаагаар гаргажээ.
Хотын дарга “Дугуйн болон явган зам тавихдаа иргэдийн зорчих хөдөлгөөний урсгалыг тооцож, бодит төлөвлөлт хийх хэрэгтэй. Иймээс дүүргийн удирдлагууд замын трасс гаргаж, Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн тооцоо судалгаатай уялдуулах шаардлагатай. Явган замыг хамгийн багадаа гурван метр өргөн байхаар төлөвлөх хэрэгтэй” хэмээсэн юм.
Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн дарга Р.Дагва “Дүүргүүдээс төлөвлөлтийг авч, нэгдсэн байдлаар төлөвлөлт гаргая. Дүүргийн удирдлагуудын саналыг мөн тусгая. Бид богино болон урт хугацааны шийдлүүдийг төлөвлөж байна. Эдгээр нь хотын түгжрэлийг бууруулахад ч бодит хувь нэмэр оруулна” хэмээсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Рио Тинто Монгол" ХХК-тай хамтран ажиллах хоёр талт гэрээг өнгөрсөн долоо хоногт байгуулсан. Энэ гэрээгээр гэр хорооллын бүсийн хоёр байршилд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон юм. Тэгвэл тус цэцэрлэгт хүрээлэнг хаана байгуулах талаар дүүргийн удирдлагуудтай санал солилцлоо. Олон улсын жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэнг байгуулах хэрэгтэйг, үүнийг даган гэр хороололд бүтээн байгуулалт өрнөж, бизнес өргөжнө гэдгийг онцлов.
Хотын дарга уулзалтын төгсгөлд дүүргийн удирдлагуудад хаана, ямар ногоон байгууламж, явган болон дугуйн зам барих талаарх төлөвлөлтөө долоо хоногийн дотор бэлтгэж, Нийслэлийн Бодлогын шинжилгээний хүрээлэнгээс гаргасан судалгаатай нэгтгэж, 14 хоногийн дараа нэгдсэн төлөвлөлтөө танилцуулах үүрэг өглөө.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn