Сонгинохайрхан дүүргийн онцлох 9 бүтээн байгуулалтыг танилцуулъя
Улс, нийслэлийн хөгжил дүүргээс эхтэй. Тэр ч утгаараа Сонгинохайрханчууд 30 жилийн ойгоо томоохон бүтээн байгуулалтын өрнүүн их ажлаар угтан авч байна.
Боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, дэд бүтцийн салбарт цогц төлөвлөгөөг боловсруулж, эхнээсээ ашиглалтад ороод буй. Ингээд өнгөрсөн 30 жилийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хийсэн онцлох 9 бүтээн байгуулалтыг нэрлэе.
1. Улсын Хүүхэд, залуучуудын театр
Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд улсын Хүүхэд, залуучуудын театрыг барьж байна. Засгийн газрын 2021 оны зургаадугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар дүүргийн Соёлын ордон нэршилтэй баригдаж байсан тус байгууламжийг улсын Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэсэн.
Одоогоор барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна. Тухайн барилгын дотоод засал бараг дууссан бөгөөд тайз засал, тоног төхөөрөмжүүдийг байршуулах зэрэг ажлыг хийх юм.
Хүүхэд, залуучуудын театр нь хүүхэд залуусын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин, мэдэх нөхцөл бүрдүүлэх зэрэг зорилготой. Театрт 110 уран бүтээлч, ажилтан ажиллах бөгөөд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгана.
2. Эрүүл мэндийн салбарын бүтээн байгуулалтууд
Сонгинохайрхан дүүрэгт 35 жилийн дараа шинэ эмнэлэг бууриа засаж сууриа тавин баригдав. Нэгдсэн эмнэлэг мэс засал, дотор, мэдрэл, хавдар, хүүхэд, эмэгтэйчүүд гэсэн долоон төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд 200 ор бүхий дөрвөн давхар олон улсын стандартад нийцсэн жишиг эмнэлэг бий болсон. Тус эмнэлэг 2021 онд ашиглалтад орсноор 1982 оноос хойш Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй гурван эмнэлгийн нэг болсон түүхтэй.
Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошуу салбар амбулатори нь тухайн бүсийн иргэдэд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. 2021 онд өргөтгөл хийж хуучин барилгад бүрэн засвар хийсэн бөгөөд шинээр таван давхар өргөтгөлийн барилга баригдаж өргөжүүлсэн юм. Ингэж өргөжүүлснээр нийслэлийн хэмжээний 70 ортой ахмадын тасаг, молекул биологийн лаборатори, сүрьеэгийн диспансер, амбулаторийн тусламж үйлчилгээ 24 төрөл болж нэмэгдсэн.
Түүхэн ойн энэ цаг мөчид Эрүүл мэндийн төвийн найман давхар өргөтгөлийн байр арваннэгдүгээр сард ашиглалтад орж, хэвтүүлэн эмчлэх тасгууд орчин үеийн стандартад нийцэж байна. Түүнчлэн 25 ортой ерөнхий мэс заслын тасагтай болж иргэдэд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ илүү хүртээмжтэй, чанартай болон өргөжлөө.
3. Гэрэлтүүлэг
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2022 онд нийт 21094 ширхэг буюу 632,250 метр урттай гэрэлтүүлгийг бүрэн ашиглаж байна. Энэ нь 2016 оноос хойш дүүргийн нутаг дэвсгэрт хийсэн гэрэлтүүлгийн тоо юм.
Мөн 2022 онд Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 240, Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 400 ширхэг гэрэлтүүлгийг хороодод суурилуулах ажил үргэлжилж байна. Харин 2021 онд улсын төсвийн хөрөнгөөр 875, НОНХС-ийн хөрөнгөөр 530, ДОНХС-ийн хөрөнгөөр 35, “Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан” төслийн хөрөнгөөр 6800 ширхэг буюу нийт 8240 ширхэг гэрэлтүүлгийг суурилуулсан. Түүнчлэн, Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 2021 онд шинээр 3.4 км авто замын ажлыг хүлээн авч зам дагуу 143 ширхэг гэрэлтүүлгийг хүлээн авч байнгын ашиглалтад оруулж, 250.9 км гэрэлтүүлгийн ажил хийсэн.
Мөн 2021 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан дүүргийн нутаг дэвсгэрийн авто зам дагуу 621 ширхэг гэрэлтүүлгийн шон дээр нэмэлт буюу гоёлын гэрэлтүүлгийг 17.7 км авто зам дагуу хийжээ.
4. Сургууль
Сонгинохайрхан дүүргийн сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 2009-2021 онуудад 320-960 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын 11 сургууль, найман өргөтгөл, хоёр дотуур байр шинээр барьж сургуулийн хүүхдийн суудлын тоо 9620-аар нэмэгдсэн.
Хүн ам өсөхийн хэрээр социализмын үед баригдсан бүтээн байгуулалтууд хуучирч, 2012 оноос эхэлж дүүрэгт анхны шинэ сургуулийг 21 дүгээр хороо буюу Жаргалант тосгонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг ашиглалтад оруулсан.
Өнгөрсөн 2013, 2014, 2015, 2016, 2017 онуудад 180 хүүхдийн суудалтай нэг сургууль, 640 хүүхдийн суудалтай дөрвөн сургууль баригдаж, 2640 сурагчид шинэ сургуульдаа хичээллэх боломжтой болжээ. Сурагчдын дотуур байрны хувьд 2017, 2020 онуудад 21 дүгээр хороонд 170 хүүхдийн ортой байр шинээр барьж ашиглалтад орсон. Мөн 2018-2019 онд 320-640 хүүхдийн суудалтай таван сургууль баригдаж, 2400 хүүхдийн суудлаар нэмэгдсэн. Одоогийн байдлаар шинээр 10 бага болон дунд сургууль баригдаж байгаа бөгөөд 5730 хүүхдийн суудлаар нэмэгдэнэ.
5. Цэцэрлэг
Цэцэрлэгийн хувьд 50-240 хүүхдийн ортой есөн цэцэрлэг шинээр ашиглалтад орж, 1090 хүүхэд хичээллэх болсон. Нийт 11 цэцэрлэг, хоёр өргөтгөл шинээр баригдаж, 2230 хүүхдийн ороор нэмэгдсэн.
Түүнчлэн энэ онд 7, 31, 9-р хороодод 50, 100, 150 хүүхдийн ортой гурван цэцэрлэг ашиглалтад орж, шинэ эриний бүтээн байгуулалтын эхлэл тавигдав.
Өнгөрсөн 2019-2020 онд 150-200 хүүхдийн ортой хоёр цэцэрлэг ашиглалтад оруулсан. Мөн 2020-2021 онуудын хооронд 150 хүүхдийн суудалтай нэг цэцэрлэг ашиглалтад оруулжээ. Харин 2022 онд буюу энэ жил есдүгээр хороонд 200 хүүхдийн хувийн цэцэрлэг, 37 дугаар хороонд 260 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулаад байна. Цэцэрлэгийн хувьд одоогийн байдлаар есөн барилга баригдаж байгаа бөгөөд 1170 хүүхдийн ороор нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
6. Гарааш
Сонгинохайрхан дүүрэгт нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй баригдсан гарааш, чингэлгийг нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу 2021 оны гуравдугаар сарын 17-ны өдрөөс чөлөөлж эхэлсэн. Тухайн жил дүүргийн 17 дугаар хорооны 132 ширхэг гарааш, контейнерыг буулгаж, тус талбайд ногоон байгууламж, явган хүний зам, дугуйн замтай бүтээн байгуулалтыг хийж тохижуулсан.
Энэ жилийн хувьд мөн адил гуравдугаар сард зөвшөөрөлгүй гарааш, контейнерыг чөлөөлөх ажлыг эхлүүлсэн бөгөөд иргэдээс ирсэн саналын дагуу бүтээн байгуулалтууд хороо тус бүрд хийж байна.
2022 онд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 60 байршилд 1559 ширхэг зөвшөөрөлгүй гарааш, контейнерыг чөлөөлөхөөр төлөвлөсөн. Дүүргийн 15, 16, 18, 19, 27 дугаар хорооны 1200 гаруй гарааш, контейнерыг буулгаж тухайн газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэн бүртгэж аваад байна. Ирэх жил үлдсэн 12, 13, 14, 18, 19, 27 дугаар хорооны зөвшөөрөлгүй гарааш, контейнерыг буулгах бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд хамгийн том газар чөлөөлсөн талбайг иргэдэд зориулан тохижуулж, бүтээн байгуулалтыг гүйцэтгэх юм.
7. Авто зам
Нийслэл болон дүүрэгт хамгийн тулгамдсан асуудлын нэг бол авто зам. Сүүлийн жилүүдэд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 27 байршилд 66.4 км авто замыг ашиглалтад оруулсан байна.
Дүүрэг үүсэн байгуулагдсан цагаас 2012 он хүртэл зөвхөн байшин хороолол болон төв замаар авто замын бүтээн байгуулалтыг хийдэг байлаа. Харин 2012 оноос хойш гэр хорооллын дундуур хатуу хучилттай авто замын сүлжээ үүсэж, орчны бохирдол буурч, иргэдийн амьдрах орчин сайжрахаас гадна томоохон замын уулзварын ачаалал багассан үзүүлэлт гараад байна.
Энэ онд гэхэд л Эмээлт, Хангай зах, Ханын материал, гэр хороолол дундах, Баянхошууны эцэс, Гүнжийн нүдэн нуурын хажуугаар нийт зургаан байршилд 10.23 км зам ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
8. Баянхошуун дахь 20 айлын эко орон сууц
Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороо, Баянхошуу дэд төвд дөрвөн айлын газар чөлөөлж “Орлогод нийцсэн орон сууц ба хот шинэчлэлтийн төсөл”-ийн 20 айлын эко орон сууцны барилгын ажил бүрэн дуусаж, ашиглалтад орсон.
Тус барилга нь А, Б блоктой 2-3 өрөөний зохион байгуулалттай баригдаж гадна тохижилт, авто машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай чийрэгжүүлэлтийн талбайн тоног төхөөрөмж суурилуулах, ус дулааны төвлөрсөн шугам сүлжээнд холбох ажлуудыг бүрэн хийсэн.
Дэд бүтцэд холбогдсон 20 айлын орон сууц ашиглалтад орсноор иргэд тав тухтай, аюулгүй, цэвэр орчинд амьдрах нөхцөл бүрдэж байна.
9. Баянхошуу, Толгойт дэд төв
Баянхошуу дэд төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 2016 онд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлагдсан бөгөөд нийт 325 га нутаг дэвсгэрт байгуулахаар төлөвлөсөн. Энэ дэд төвд 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, бизнес инкубатор төв, дулааны станц, усан сан, авто, станц зэргийг барихаар төлөвлөсөн.
Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 28, 40 дүгээр хороонд нийт 162 га газарт нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалт өрнүүлж байна. Баянхошуу дэд төвийн ажлын хүрээнд 9, 10, 28 дугаар хороодын гуу жалгыг хамарсан 9,9 км үерийн далан сувгийн бүтээн байгуулалт хийсэн.
Толгойт дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг 2020 оны есдүгээр сарын 20-нд эхлүүлсэн. Толгойт дэд төв нь дүүргийн 1, 2, 20, 22, 34, 35 дугаар хороодын 153.4 га газрыг хамрах бөгөөд цэвэр усны шугам, дулаан хангамжийн шугам сүлжээ, авто зам, цэцэрлэг, олон нийтийн хөгжлийн төв, эрүүл мэндийн төв зэрэг инженерийн дэд бүтцийн болон нийгмийн барилга байгууламж бүхий томоохон бүтээн байгуулалт юм.
Толгойт дэд төвд хийх бүтээн байгуулалтын ажлуудын үр дүнд энэ бүсэд байгаа цэцэрлэгийн насны нийт хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт нэмэгдэнэ. Мөн бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээний хүртээмж сайжирч, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг гэр хорооллын иргэдэд ойртуулах боломж бүрдэж, өрхийн амьжиргаанд эергээр нөлөөлнө.