УИХ-ын эмэгтэй гишүүд “Орон нутгийн эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөр”-т оролцогчидтой уулзлаа
УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл болох УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа, МАН бүлгийн Дэд дарга Х.Булгантуяа болон УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Зориг сангийн “Орон Нутгийн Эмэгтэйчүүдийг Чадавхжуулах хөтөлбөр”-т оролцогч эмэгтэйчүүдтэй уулзаж нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоо, тэгш эрхийн асуудлаар ярилцсан байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг манлайлагч бүсгүйчүүддээ зориулж амжилтад хүрэхийн тулд дараах 5 зарчмыг анхаарах нь чухал гэдгийг хэлсэн юм.
1. Би хэн бэ гэдгээ зөв тодорхойлох: Сэтгэл зүйн болон бусад чадварын хувьд аль салбарт амжилт гаргах боломжтой гэдгээ мэдэх. Интроверт уу, экстраверт хүн үү, нийгмийн ухаан уу, байгалийн ухааны салбарт ажиллах уу? Ямар салбар надад тохирох вэ гэдгээ болж өгвөл Эдгээрийг ЕБС-д байхдаа л тодорхойлж мэдэж авбал цаашдын ажил албанд их чухал юм.
2. Үнэт зүйл маань юу вэ гэдгийг тогтоох: Нийгэм, улс төр, эдийн засгийн үндсэн асуудалд хэрхэн хандаж байгаагаа мэдэх. Өөрөөр хэлбэл, социал демократ үзэлтэй юу эсвэл либераль уу, эсвэл националист үзэлтэй юу гэдгээ мэдэж авах нь улс төрд оролцох гэж байгаа залуу хүмүүст чиг баримжаа болох гол зүйл нь юм. Тухайлбал, Хүн бүр өөрөө өөрийгөө аваад явах нь шударга ёс уу? Эсвэл боломжгүй нэгнээ тусалж дэмжээд “Хүчтэй хүний мөрөнд илүү ачаа үүрүүлэх” нь шударга уу гэдэг хоёр сонголтын эхнийхийг сонгож байгаа бол либераль, хоёр дахийг сонгож байгаа бол социал демократ үзэлтэй гэсэн үг.
3. Сурч мэдэхийг ямагт гол болгох: Сурахад хэзээ ч оройтохгүй. Ажиллаж буй чиглэл, мэргэжлийн дагуу шинэ гарсан судалгаа, ном бүтээл байнга уншиж, чадахгүй зүйлээ шинээр сурч байх нь аливаа салбарт амжилт гаргах гол үндэс болно.
4. Нийгмийн капитал бий болгох: Эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад нийгмийн капитал бүтээх боломж тааруу байдаг. Тийм учраас нийгмийн олон талт харилцаа, олон салбарт хамтран ажиллах, туслан дэмжих, үзэл санаа нэгт, сонирхол нэгт хүмүүстэй холбоо харилцаа тогтоож, харилцан дэмжих хүрээ, сүлжээг бий болгох нь эмэгтэйчүүдийн улс төр амжилтын нэг том үндэс юм.
5. Нийгэм эмэгтэйчүүдээс илүү ихийг шаарддаг гэдэгт бэлтгэлтэй байх: Монголын нийгэм эцгийн эрхт ёсны уламжлал хүчтэй, эмэгтэйчүүдийн мэдлэг чадавхийг үнэлэх байдал нь эрчүүдийнхтэй харьцуулахад илт ялгаатай байдаг нь хөдөлмөрийн зах зээл, хэвлэл мэдээлэл, улс төр гээд бүх салбарт тод илэрдэг. Эмэгтэй хүнээс ихийг шаарддаг, эмэгтэй хүний алдааг хэд дахин томруулж шүүмжилдэг атлаа, эрэгтэй хүний алдааг түүнтэй адил ноцтойд тооцдоггүй нь гэр бүл, ажлын талбарт түгээмэл байдаг тул эмэгтэй хүн илүү хүчирхэг, чадварлаг байж сая эрэгтэйчүүдтэй нэг түвшинд үнэлэгддэг гэв.