Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
2022.11.02

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн (2022.11.01) хуралдаан гишүүдийн 75 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Төслийн талаарх танилцуулгыг Сангийн сайд Б.Жавхлан хийлээ. Тэрбээр, олон улсын байгууллагууд дэлхийн эдийн засгийн хүнд сорилт, нөхцөл байдал 2024 он хүртэл үргэлжилнэ хэмээн төсөөлж байгаа энэ цаг үед Монгол Улсын Засгийн газраас төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлого болон төсвийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байгаагаа дурдсан.

Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих төсвийн бодлого, арга хэмжээний үр дүнд эдийн засгийн өсөлт таван хувьд хүрч, инфляцыг жилийн эцэс гэхэд 10 хувиас ихгүй түвшинд хүргэх боломж бүрдэнэ. Коронавируст халдвар “КОВИД-19”-ийн хүндрэл эхэлснээс хойш 2020, 2021 онуудад бид үе шаттайгаар буурах байсан төсвийн алдагдлын тусгай шаардлагыг нэг удаа түдгэлзүүлж, хэрэгжих хугацааг ахин нэг жилээр хойшлуулсан. Үүний улмаас ирэх жилийн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний -3.6 хувь буюу 1.9 их наяд төгрөг байхаар байна. Харин Монгол Улсын Засгийн газрын 2023 оны төсвийн тохиргоо хийснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -1.5 их наяд төгрөг буюу тусгай шаардлагын 2024 онд хүрэх байсан түвшин болох 2.8 хувийг нэг жилээр наашлуулан төсвийн төслийг боловсруулсан гэдгийг онцлов.

Дараа нь Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан.

Уг дүгнэлтэд Монгол Улсын 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 18,921.9 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 34.7 хувь, нийт зарлага 20,475.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.6 хувь, тэнцвэржүүлсэн тэнцэл 1,553.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -2.8 хувьтай тэнцэж байгаа нь төсвийн тусгай шаардлагыг хангаж байна. Төсвийн төсөлд “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан, тодорхой зорилт, үйл ажиллагаанд санхүүжилт тусгасан хэдий ч төсвийн ерөнхийлөн захирагч нарын хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн үзүүлэлтийг хөгжлийн бодлогын баримт бичигт нийцүүлээгүй, үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэхийг үнэлэх боломж хязгаарлагдмал байна гэж дурдсан байлаа.


Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өмнөх оноос шилжин хэрэгжиж буй төсөл, арга хэмжээг дуусгах чиглэлийг баримталсан нь хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих эхлэлийг тавьсан арга хэмжээ болсон. Гэвч улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдаж эхлээд дуусаагүй, орхигдсон үнийн өсөлт тооцуулж, 2023 оны төсвийн төсөлд тусгаагүй, 2022 онд хэрэгжиж дуусах хугацаатай ч ажлын гүйцэтгэл нь бүрэн хангагдаагүй арга хэмжээ дараа жилүүдэд үргэлжлэхээр байна. Төсвийн төсөлд тусгасан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөлтийг Төсвийн тухай хууль, Сангийн сайдын 2018 оны 295 дугаар тушаалаар баталсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг үнэлэх, сонгох, эрэмбэлэх үйл ажиллагааны журам болон аргачлалуудын дагуу 16 шалгуур үзүүлэлтээр цахим системд төлөвлөн, эдийн засгийн болон нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлж төлөвлөснийг дүгнэлтэд дурджээ.

Мөн Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт 2023 оны улсын төсвийн хэрэгжүүлэх нийт 20 төсөл, хөтөлбөрт 754.5 тэрбум төгрөг төсөвлөхөөс 12 төсөл, хөтөлбөрийн 356.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг төсвийн төсөлд тусгаагүй байгааг дурдахын зэрэгцээ эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд төсөл, хөтөлбөрийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан дээрх хөтөлбөрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэв.


Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаагүй, судалгаа, туршилт, тохируулга хийгээгүй цахилгаан, автобусны хэрэглээ, цэнэглэлт, цэнэглэх цэгүүдийн байршлыг оновчтой тодорхойлох, газар чөлөөлөх зэрэг нь тодорхойгүй байгаагаас хэрэгжилт, эрсдэл өндөр үүсэхээр байна. Улсын төсвийн санхүүжилтээр бэлтгэсэн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлээгүйгээс хөрөнгийн зарцуулалт үр дүнд хяналт хэрэгжүүлэх боломжгүй байгаа тул нэгдсэн хяналтыг бий болгох шаардлагатай байна. Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төсөлд дүгнэлт гаргах, аудитаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй, зөрчил дутагдал давтагдсан хэвээр байгаа бөгөөд нааштай үр дүн гараагүй байгаа нь өмнөх дүгнэлтийн ач холбогдол, үр нөлөөг бууруулж, төсвийн сахилга, хариуцлага шат шатандаа алдагдаж байгааг харуулж байна гэж дүгнэлтэд дурдсаныг Монгол Улсын Ерөнхий аудитор онцоллоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асууж, хариулт авсны дараа үг хэлсэн. Тэрбээр, “Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувьд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан дунд хугацааны голлох үзүүлэлтээ өөрчилсөн нь хууль дээдлэх зарчмыг алдагдуулж байна. Мөн энэ жил "Ирээдүй өв сан"-д хуримтлагдах 1.5 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлэх нь буруу гэж үзэж байна” гэдгээ дэд хорооны санал, дүгнэлтэд тусгахаа мэдэгдлээ.

Хуралдаанд оролцсон гишүүдийн зүгээс Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргасангүй.

Иймд энэ талаарх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Төсвийн байнгын хороонд танилцуулахаар болов