Хотын дарга тохижилтын ажилд саад учруулж байгаа аж ахуйн нэгжтэй хатуу тэмцэхээ илэрхийллээ
Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Дархан цаазат Богдхан уулын амд байрлах зөвшөөрөлгүй шавар гэрүүдийг буулгаж, чөлөөлсөн талбайд иргэдийн ая тухтай амарч зугаалах, ногоон байгууламж бүхий орчинг бүрдүүлэх тохижилтын ажлыг эхлүүлсэн.
Мөн тус газар үйл ажиллагаа явуулж байсан “Энигма” ХХК-ийн удирдлага, төлөөлөлтэй уулзаж аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах, орчны тохижилтод анхаарах зэрэг шаардлага тавьж, тохижилтод хамтран ажиллахаар болсон юм. Гэтэл тус аж ахуйн нэгж тохижилтын ажилд дэмжлэг үзүүлээгүй төдийгүй тохижилт хийх хэсэг рүү машин техник оруулахгүй, тохижилтод саад учруулснаас шалтгаалан ажил бүтэн сараар саатжээ.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон албаны хүмүүс газар дээр нь ажиллаж, мэдээлэл өглөө. Хотын дарга Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа тус аж ахуйн нэгжтэй хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлж, тохижилтын ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын иргэдэд агаар салхинд гарах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бий болгохоор Богдхан уулын тохижилтын ажлыг эхлүүлсэн. Энэ аж ахуйн нэгж Улаанбаатар хотын иргэдийн эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж байгаагаас ялгаа алга. “Энигма”-гийн удирдлагууд энэ газрыг өөрийн өмч мэт харж байна.
Энэ газар бол улсын өмч. Энд нийтийн эрх ашгийг хангасан олон ажлыг хийх ёстой. Хуулийг уландаа гишгэсэн, ард иргэдийн хүсэл сонирхлыг дэвссэн байдалтай эвлэрэхгүй. Нийтийн эрх ашгийн эсрэг байгаа энэ аж ахуйн нэгж хураамж хүртэл авч байна. Хураамж нь хотод орж ирдэггүй, хувийн компаниуд өөрсдөө халааслаад үлдэж байгаа. 2023 онд явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламжийн бүтээн байгуулалтыг хийнэ. 1.6 сая хүн амтай Улаанбаатар хотын түгжрэл, ногоон байгууламжийн асуудлыг үе шаттай шийднэ” гэлээ.
Харин Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Уулын амыг нэг хүн хашчихаад хүмүүсээс мөнгө авч байна. Улаанбаатар хотын иргэдийн амарч, тухалдаг газрыг нэг аж ахуйн нэгж хашчихаад хэн орох, орохгүйг мэдээд байна гэдэг буруу. Хотын зүгээс 2.7 га газрыг тохижуулж байгаа. Үүднээс наашаа 600 метр явган хүний болон дугуйн зам барих ёстой байсан ч энэ ажилд саад гарсан” гэдгийг хэлж байв.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn