Баянхошуунд 20 айлын орон сууц ашиглалтад орно
2022.09.16

Баянхошуунд 20 айлын орон сууц ашиглалтад орно

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянхошуу дэд төвд 4 айлын газар чөлөөлж “Орлогод нийцсэн орон сууц ба хот шинэчлэлтийн төсөл”-ийн 20 айлын орон сууцны барилгын ажил бүрэн дуусч ашиглалтад ороход бэлэн боллоо.

Тус барилга нь А, Б блоктой 2-3 өрөөний зохион байгуулалттай баригдаж гадна тохижилт, авто машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай чийрэгжүүлэлтийн талбайн тоног төхөөрөмж суурилуулах, ус дулааны төвлөрсөн шугам сүлжээнд холбох зэрэг ажлууд бүрэн  дууссан байна.

Дэд бүтцэд холбогдсон 20 айлын орон сууц ашиглалтад орсноор иргэд тав тухтай, аюулгүй, цэвэр орчинд амьдрах нөхцөл бүрдээд байгаа юм.

Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд хотыг тэнцвэртэй хөгжүүлэх чиглэлээр 6 дэд төвийг байгуулах зорилго тусгасан. Энэхүү нийгмийн болон инженерийн дэд бүтцийн ажлын хугацаанд “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”- төсөл хэрэгжиж дэд төвүүдийг байгуулах, бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.

Тус ажлыг Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар  “Томо бюлдинг” ХХК болон “Саруул сайхан” ХХК-иудын түншлэл хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.