Нийтийн биеийн тамирыг дэмжигч байгууллагыг ЭМД-ын сангаас урамшуулах механизмтай болохыг дэмжив
2009.12.15

Нийтийн биеийн тамирыг дэмжигч байгууллагыг ЭМД-ын сангаас урамшуулах механизмтай болохыг дэмжив

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо үдээс өмнө хуралдаж Нийгмийн даатгалын сангийн 2009 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж тус тус хэлэлцлээ.


Хуралдааны явцад Нийгмийн даатгалын сангийн 2009 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 3.4 дэхь хэлэлцүүлгийг аль болох шуурхай хэлэлцэж энэ долоо хоногт багтаах нь зүйтэй гэсэн саналыг гишүүд гаргаж, төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн Байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэх явцад гишүүн Ц.Бямбацогт спорт, нийтийн биеийн тамир хоёр өөр асуудал. Нийтийн биеийн тамирыг дэмжиж үйл ажиллагаа явуулж байгаа компани, байгууллагыг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан бол гишүүн З.Алтай сүүлийн үед их спорт руу хошуураад нийтийн биеийн тамир хаягдаж байна. Тунхаг, лоозон маягтай дэндүү хуурай, хэрэгжүүлэх эзэн хаяг, тодорхой хугацаа заагаагүй юм гаргаж болохгүйг хэлсэн. Харин гишүүн С.Эрдэнэ их спорт, нийтийн биеийн тамирын аль алиныг нь тэгш хөгжүүлэх хэрэгтэй. Биеийн тамир ордоггүй, заалгүй маш олон их дээд сургууль байгааг анхаарах шаардлагатай байгааг хэлсэн.

Түүний нийтийн биеийн тамир, чийрэгжүүлэлтийг дэмжиж байгаа компани, байгууллагуудыг ЭМД-ын сангаас урамшуулах механизмтай болгох нь зүйтэй гэсэн саналыг гишүүд дэмжиж төсөлд нэмж тусгахаар тогтлоо.

Төслийн 2.2.5-д заасан биеийн тамир, спортын үйл ажиллагаа, санхүүжилтийг архи, тамхи болон хууль бус бусад асуудлаас ангид байлгах гэсэн заалт дээр гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж спортыг гол спонсорлогчид нь архи, шар айраг үйлдвэрлэгчид байдгийг анхааруулсан юм. ДЭМБ –аас спортод архи, тамхийг дэмжихгүй зорилготой байдгийг харгалзан төсөлд уг заалтыг оруулсан талаар ажлын хэсгээс хариулт өгсөн.

Ингээд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар явуулсан санал хураалтыг гишүүд 100 хувь дэмжин төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэхээр тогтов.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.