Монгол - Францын хамтын ажиллагаа шат ахиж, бизнесийн түвшинд өргөжиж байна
2022.10.17

Монгол - Францын хамтын ажиллагаа шат ахиж, бизнесийн түвшинд өргөжиж байна

“Sommet de l'Elevage -2022” - олон улсын мал аж ахуйн тэргүүлэх зэргийн үзэсгэлэн Франц улсын хөдөө аж ахуйн бүс нутаг Клермон Ферран хотод 31 дэх жилдээ зохион байгуулагдаж, 60 гаруй орны 100 мянга гаруй зочид, төлөөлөгчид хүрэлцэн очжээ.

Хөдөө аж ахуйн салбарын техник технологийн дэвшил, ирээдүйн чиг хандлага” сэдвээр туршлага солилцдог энэхүү нэр хүндтэй, томоохон арга хэмжээнд Монгол улс “Хүндэт зочин орон”-оор уригдан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун тэргүүтэй төр, хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөгч оролцож буйд баяртай байгаагаа Францын тал уулзалт бүрийн үеэр тодотгон хэлж байв.

Үзэсгэлэнгийн нээлтийн өглөө талбайн төв цэгт барьсан монгол гэрт Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Франц улсын Хөдөө аж ахуй, хүнсний яамны сайд Марк Фено нар хоёр орны Хөдөө аж ахуйн яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгууллаа.

Хамтын ажиллагааны санамж бичигт манай талаас:

  • Эрчимжсэн мал аж ахуйн салбарт техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх,
  • Хоёр тал хамтран сургалт зохион байгуулах,
  • Монгол малын генетик нөөцийг үнэлэх, тодорхойлох ажилд дэмжлэг үзүүлэх,
  • Мал, амьтны гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакцин үйлдвэрлэлийн шугамыг Монголд нэвтрүүлэх,
  • Малын эрүүл бүс бий болгоход хамтран ажиллах,
  • Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг зургаан асуудлыг тусгасан байна.
Айлчлалын үеэр Монголын хувийн хэвшлийн төлөөлөл “Нүүдэлчин агро ферм” компани 1.2 сая еврогийн үнэ бүхий сүү-махны чиглэлийн 320 үхрийг урт хугацаатай, хүүгүй зээлээр авах гэрээг Францын “Эважура” компанитай байгуулсан нь хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа зөвхөн Засгийн газрын түвшинд бус аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн түвшинд өргөжин хөгжиж буйн тод жишээ боллоо.