Улс орныхоо хөгжил цэцэглэлтэд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмадууддаа баярлалаа
2022.10.01

Улс орныхоо хөгжил цэцэглэлтэд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмадууддаа баярлалаа

Өнөөдөр улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан Ахмадууддаа онцгойлон хүндэтгэл үзүүлдэг тэмдэглэлт өдөр билээ.

Манай улсад 60 ба түүнээс дээш насны 350 мянга гаруй ахмад настан энх тунх амьдарч байна. Төр засгийн зүгээс ахмадуудынхаа нийгмийн халамж, хамгаалал, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлуудаар шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байна.

УИХ-р баталсан төсвийн хүрээнд ЗГ-ын 63-р тогтоол гарч 2022 оны 02.01-нээс хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлснээр Дархан-Уул аймгийн маань 16 мянган ахмадын тэтгэвэр бодитоор нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.

Мөн МУ-н ЗГ-аас хэрэгжүүлж буй эрүүл мэндийн эрт илрүүлгийн үзлэг эхэлснээс хойш манай аймгийн хэмжээнд өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд 647 ахмад хамрагджээ. Ахмадууд маань шаардлагатай шинжилгээнд хамрагдаж, зүрх судасны эмгэг, сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ хийлгэж байгаа юм.

Энэ оны улсын төсвийн тухай хуульд Дархан-Уул аймагт байгуулагдсан Ахмадын Хөгжлийн Төвийн тоног төхөөрөмжийн санхүүжилтийг суулгаж шийдүүлэхэд тойргоос сонгогдсон гишүүдийнхээ хамтаар чармайн ажиллалаа. Уг төв жилийн хугацаанд давхардсан тоогоор 11 мянган ахмадад эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ үзүүлж, сургалтад хамруулжээ.

Түүнчлэн сар шинийн баяраар тойргийнхоо 70-с дээш насны 3,500 орчим азай буурлууддаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлгээ хүргүүлсэн байна.

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганаар ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээнд холбогдох хуулийн төслийг төсвийн хуультай хамтатган хэлэлцүүлэхээр болсныг дуулгахад таатай байна. Та бүгдийн маань арвин мэдлэг, туршлага юугаар ч сольшгүй үнэ цэнэтэй юм.

Ахмад настан, азай буурлууд Та бүхэндээ урт насалж, удаан жаргаж үр хойч, улс орондоо нөмөр нөөлөгөө өгч байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье