С.Эрдэнэ агсны 80 насны ойг тэмдэглэнэ
2009.12.07

С.Эрдэнэ агсны 80 насны ойг тэмдэглэнэ

Ардын уран зохиолч С.Эрдэнэ агсны 80 насны ой энэ сарын 7-нд тохиож байна. Монголын зохиолчдын эвлэл санаачлан тус ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Ойн үеэр Төв номын сантай хамтран "Эх бичгийн хүн С.Эрдэнэ" нэртэй эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, С.Эрдэнэ агсны амьдрал уран бүтээлээр нь хоёр ангитай дэлгэцийн бүтээл хийснээ үзэгчдийн хүртээл болгох аж.

Энэ талаар хэвлэлийн хурал хийлээ. Ардын уран зохиолч С.Эрдэнэ агсны шавь нар болох ардын уран зохиолч П.Бадарч, урлагийн гавъяат зүтгэлтэн Дан.Нямаа, Б.Догмид нар багшаа дурслаа. Энэ үеэр ардын уран зохиолч П.Бадарч нулимс унагаж, Б.Догмид "Намайг хөдөө талд цагаан архитай найзалж, явахдаа татаж авсан багшдаа хамгийн их талархаж байна" гэж чинь сэтгэлийн үгээ хэлээд амжив.

Харин Дан.Нямаа "Багшид маань нүүрэмгий бүсгүйчүүд таалагддаг байсан юм билээ. Зохиолуудынх нь эмэгтэйчүүдийг ажигласан юм" хэмээн бага зэрэг хошигноод авлаа.
Ингээд ардын уран зохиолч С.Эрдэнэ агсны хүү УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй цөөн хором ярилцлаа.

-Аавын тань 80 насны ой өргөн дэлгэр болох нь ээ?

-Тийм шүү. Энэ их ажлыг зохион байгуулж байгаа Зохиолчдын эвлэлд ээжийнхээ болон аавынхаа олон шавь нарын өмнөөс баярлаж байна. Энэ сайхан аавын хүү болж төрснөөрөө дандаа бахархаж явдаг. Би багаасаа зохиолчид дунд байсан болохоор уран зохиол, утга уянгын сайханд умбаж өссөн.

-Тэгвэл тэр дундаас авсан хамгийн том насны ойг сургамж гэвэл юу вэ?

-Би зохиолчдыг нийгмийн оюун санааны хөтөч нь байх ёстой гэж боддог. Аавтай мөр зэрэгцэн дотно явсан зохиолчид надад юу заасан гэхээр оюун санаа гэдэг хамгийн нэгдүгээр байдаг юм гэдгийг хамгийн түрүүнд ойлгуулсан. Албан тушаал, алдар нэр, эд хөрөнгийн дор хүний оюун ухаан хэзээ ч ордоггүй. Энэ нь надад маш том хүмүүжил болсон.

-80 насных нь ойгоор төрсөн нутгийнхан нь ямар ажил зохион байгуулж байгаа бол оо?

-Төлөвлөсөн зүйл олон бий. Төрсөн нутгийнхантай нь хамт тэмдэглэх гэсэн боловч өвчин гараад чадаагүй, Саяхан бид бичиг явуулсан боловч сумын Засаг дарга нь зөвшөөрөөгүй. Хөл хориотой байхад дэмий гэж бодсон байх. Ямар ч байсан нэлээдгүй олон ажил хийнэ гэж бодож аж.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.