Прокурорын байгууллагын ойг тэмдэглэхэд 90 сая төгрөг шаардлагатай
УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Прокурорын байгууллага байгууллагдсаны 80 жилийн ойг тэмдэглэх тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх талаар Хууль зүйн Байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Х.Жекей, Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, Д.Одбаяр нараас УИХ-д өргөн мэдүүлсэн дээрх тогтоолын төсөлд тус ойг 2010 оны 8 дугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэхээр тусгажээ.
Уг тэмдэглэлт баярт зориулж 90 сая төгрөг зарцуулах асуудлыг шийдвэрлэж өгөх энэ асуудалд гишүүд эсрэг тэсрэг байр суурьтай байлаа. Тухайлбал тус мөнгийг шийдэх нь зүйтэй гэж үзсэн гишүүд Прокурорын байгууллага бол үндсэн чиглэлийн байгууллага бөгөөд 80 жилийн ой нь болж байхад дэмжих нь зүйтэй гэж байлаа.
Харин эсрэг байр сууриа илэрхийлсэн гишүүдийн хувьд татвар төлөгчдийн мөнгийг баяр ёслолд зарцуулах шаардлаггүй гэсэн санал дэвшүүлж байсан. Мөн элдэв ойн баярын төсвийг товлосон цаг хугацаанаас нэг жилийн өмнө төсөвт суулгах нь зүйтэй гэсэн санал ч гишүүдээс гарч байсан.
Монгол улсад Прокурорын байгууллага үүссэний 80 жилийн ойг тэмдэглэхэд шаардлагатай 90 сая төгрөгийг шийдвэрлэхийг хуралдаанд оролцсон 57 гишүүний 34 нь зөвшөөрч 59,6 хувийн саналаар дэмжиж, анхны хэлэлцүүлэг хийлгэхээр Хууль зүйн Байнгын хороонд шилжүүллээ.