“Барилга орон сууц 2022” үзэсгэлэн яармаг болно
2022.09.08

“Барилга орон сууц 2022” үзэсгэлэн яармаг болно

Энэ үзэсгэлэн яармаг Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний  96 жилийн ойн хүрээнд "Тогтвортой хөгжилд хамтдаа" уриан дор есдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд “Мишээл экспо төв”-д болох юм.

Өнөөдөр Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын байранд тус үзэсгэлэн яармагийг танилцуулах хэвлэлийн бага хурал боллоо. Хуралд  “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ийн Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батням, Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхий менежер Б.Түвшинболор, “Барилга.мн”-ын захирал Г.Батсүх нар оролцож, мэдээлэл өгсөн юм.

Намрын эхэн сард буюу орон сууцны борлуулалт эрс нэмэгддэг цаг үед зохион байгуулагддагаараа онцлог энэхүү үзэсгэлэнд шинэ орон сууц,  амины орон сууц, хаусны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид гэх мэт 120 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцож, бараа материал, бүтээгдэхүүн үйлчилгээ, орон сууцны төслүүдээ олон нийтэд дэлгэн танилцуулна.

Үзэсгэлэнгийн үеэр ипотек, компанийн болон хувь зээлд хамрагдах боломжтой Улаанбаатар хотод захиалга авч буй хаус болон шинэ орон сууцны шилдэг төслүүдээс гадна амины орон сууцны хамгийн сүүлийн үеийн загвар дизайн, оновчтой шийдлүүдийг үзэж, шилдэг реакторуудаас зөвлөгөө аван, хойч үедээ өвлөгдөх үнэт хөрөнгөө сонгох боломжтой.

Мөн үзэсгэлэн, яармагт хүрэлцэн ирсэн иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор салбарын мэргэжилтнүүдийг урин тодорхой сэдвийн хүрээн дэх илтгэлүүдийг үнэ төлбөргүйгээр үзэсгэлэнгийн тайзнаас цагийн хуваарийн дагуу хүргэнэ.