Шилдэг бүтээлүүд Төрийн шагнал хүртэв
2009.11.25

Шилдэг бүтээлүүд Төрийн шагнал хүртэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган шинжлэх ухаан, танин мэдэхүй, гоо сайхны шинэ онцгой туурвил, баримтат тууж бичлэг, хөгжмийн урлагийн шилдэг бүтээл туурвин олны хүртээл болгож, эх орон, ард түмэндээ оюуны өндөр өглөг өргөсний учир дараахи бүтээлд өнөөдөр Төрийн шагнал хүртээлээ.

“Монголчууд: Нүүдэл суудал” бүтээлээрээ Монгол үндэстний хоёр мянга гаруй жилийн түүхийг нэг түм гаруй түүхийн баримт, эх зохиолоос тунгаан түүвэрлэж, баримтат түүх бичлэгийн шинэ хандлага, дэг жаягийг бий болгож, хаалттай байсан олон баримтыг шинжлэх ухааны эргэлтэд оруулж гарамгай гавъяа байгуулсан олонд нийтлэлч Баабар нэрээр алдаршсан Бат-Эрдэнийн Батбаяр,

“Ятгын концерт”, “Төгөлдөр хуурын сонат”, “Морин хуурын концерт” зэрэг бүтээлүүд нь орчин цагийн хөгжмийн үндэсний сэтгэлгээний уламжлал, ололтыг хослуулж, Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан Бирваагийн Мөнхболд нарт шинжлэх ухаан, урлагийн салбарын 2009 оны Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.

Шагнал гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Монгол түмэн авъяас билэгтэй, өв их соёлтой, арвин баялаг түүхтэй, өөдрөг гэгээлэг ирээдүйтэй ард түмэн. Өнөөдөр Төрийн шагнал хүртэж байгаа бүтээлүүд нь монголчуудын түүх соёлын бахархлыг зузаатгаж чадсан даацтай бүтээлүүд” гэж онцолсон юм.

Шагнал гардаж авсныхаа дараа Б.Батбаяр “Монголчууд: Нүүдэл суудал” номыг минь цаг хугацааны шалгуур давж чадах бүтээл болсон гэж үнэлж байгаад баяртай байна. Энэ шагнал бол надад хувь хүнд маань биш, миний бүтээлд өгсөн шагнал юм” хэмээлээ.


Харин Монголын хөгжмийн нэрт төлөөлөгч Гончигийн Бирваагийн хүү Мөнхболд хэлэхдээ “Миний аав 83 насандаа төрийн шагнал хүртэж байсан. Төрийн шагнал бол өндөр хариуцлага гэж аав минь тэр үед хэлж байсныг өнөөдөр би дахин хэлэхийг хүсч байна” хэмээсэн юм.

Тэрбээр дан хөгжмийн уран бүтээл ажиллаж байгаа. 43 насандаа ийнхүү Төрийн шагнал хүртэж байгаа юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.