Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцлээ
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар эхлээд Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцлээ.
2022-2036 он хүртэлх 15 жилийн хугацаатай хэрэгжих төлөвлөгөөг боловсруулж, танилцуулсан юм. Төлөвлөгөөг боловсруулахдаа байгаль орчин, газар зүйн нөхцөл, газрын нөөц, түүний экологи, эдийн засаг, орон зайн багтаамж, чадавхид зохицсон газрын менежментийн бодлогыг баримталж боловсруулсан байна. Нийслэлийн газар зохион байгуулалтын гол цөм нь хот, дагуул хот, тосгоны эдэлбэр газрын хил заагийн ерөнхий схем байх аж.
Тэгэхдээ алслагдсан гурван дүүрэг буюу Налайх, Багануур, Багахангай чиглэлийн дагуул хот, тосгоны газар ашиглалт, суурьшил нь хүнд үйлдвэр, уул уурхайн салбарын хөгжилд тулгуурлана. Харин Эмээлт орчим, Шинэ зуун мод, Майдар дагуул хот, тосгоны орчим нь хөнгөн хүнсний үйлдвэр, аялал жуулчлалын салбарын хөгжилд тулгуурлах аж. Улаанбаатар хотын хувьд өндөр технологи, инновац технологи шингэсэн шинжлэх ухаан, боловсролын мэдлэгт суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ, салбарын хөгжилд чиглэнэ хэмээн танилцуулав. Тэгвэл дагуул хотуудын газар ашиглалт, суурьшил, нутагшил нь эрчимжсэн суурин хөдөө аж ахуйг хөгжүүлэх, энэ чиглэлийн бүтээгдэхүүнийг дахин боловсруулж өртөг нэмсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэржсэн хөдөө аж ахуйн бүс нутгийн хөгжилд тулгуурлан хөгжүүлэх юм байна.
Нийслэлд газар өмчилж аваагүй 197021 иргэн байгаа бол 202119 иргэн газар өмчилж авсан байна. Нийслэл хотын эдэлбэр газар 44218.8 га бөгөөд 282 хилийн эргэлтийн цэгтэй. Мөн газрын нэгдмэл сангийн ангиллын шилжилт хөдөлгөөнд хөдөө аж ахуйн газар, хот тосгон бусад суурины газар, зам шугам сүлжээ, ойн сан бүхий газар, усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газрыг бүрэн оруулахаар ажиллаж байгаа юм. Ийнхүү цахим санд орсноор замбараагүй газар олголт арилна гэдгийг албаныхан хэлэв.
Энэ үеэр төлөөлөгч П.Ганзориг Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөтэй Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг уялдуулах зайлшгүй шаардлагатайг онцоллоо. Мөн БОАЖЯ-наас зөвшөөрөл олгогддог, тусгай хамгаалалттай газруудад замбараагүй газар олгож байгаа нь өнөөдрийн төвлөрөл, түгжрэлийн шалтгаан болж байгааг хэлэв. Мөн зуслангийн бүсэд газар олгохдоо усны эх, ойн сан бүхий хэсэгт газаролгодог байдлыг хэрхэн шийдвэрлэхийг тодруулсан юм.
Нийтийн тээврийн машин цагийн тарифт өөрчлөлт оруулах талаар танилцуулав
Зөвлөлийн хуралдаанаар мөн Нийтийн тээврийн машин цагийн тарифт өөрчлөлт оруулах талаарх мэдээллийг сонслоо. Инфляцын түвшин, гадаад валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан тос, тослох материал болон сэлбэг хэрэгсэл, бусад бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Мөн шатахууны үнэ нэмэгдсэн зэрэг нь “Машин цагийн тариф”-т өөрчлөлт оруулах шаардлага бий болсон аж. Уг тогтоолын төсөлд машин цагийн зардлын тарифыг их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобус 53364 төгрөг, угсраа автобус 69688, дунд багтаамжийн автобус 46428, цахилгаан давхар автобус 63979 төгрөг байхаар тусгасан байна.
Мөн нийтийн тээврийн үйлчилгээний үйл ажиллагааны санхүүжилтийн түр журмын төслийн ерөнхий мэдээллийг сонслоо. Түүнчлэн Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцэн, дэмжив. Үргэлжлүүлэн Нийслэлийн ИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо хуралдаж нийтийн тээврийн салбартай холбоотой дээрх асуудлуудыг хэлэлцэв.
Түүнчлэн 2022 онд төвлөрлийг саарууулах, түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээ, Нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар мэдээлэл сонсож, хэлэлцлээ. Эдгээр асуудлыг энэ сарын 7-ны өдөр болох Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn